12 дугаар сарын III долоо хоногт улс оронд болж өнгөрсөн үйл явдлаас тоймлон хүргэж байна.
- Монгол улсад чөлөөт хэвлэл үүсч хөгжсөний 25, сонинуудын холбоо байгуулагдсаны 15 жилийн ой тохиов. Хэвлэл мэдээллийн салбар 25 жилийн ойгоороо 25 ахмад сэтгүүлчийг чөлөөт хэвлэлийн анхдагчаар тодруулсан. Ардчиллын он жилүүдэд “Улаан Од” сонины сурвалжлагчаар ажиллаж явсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, 2007 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа Монголын хэвлэлд татварын хөнгөлөлт үзүүлэх хуулийг төслийг батлуулсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг, хотын захирагч Э.Бат-Үүл нар эдгээр анхдагчдын тоонд багтсаныг онцлов.
- Улс орон даяар эхэлсэн мал тооллогын ажил дууслаа. Мал, тэжээвэр амьтдын өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг тодорхойлох, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бодит хэмжээг тооцох, дүн шинжилгээ хийх хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төр засгийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах мэдээллийг бэлтгэх үндсэн зорилго бүхий мал тооллогын дүнг сум, багаас онлайн систем ашиглан боловсруулж нэгтгэх юм.
- Стандартын шаардлагад нийцсэн, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын хоёр байгууламжийг Их эзэн Чингис хааны талбайд байгууллаа. Өдөр бүр 10-24 цагийн хооронд нийслэлчүүдийг хүлээн авах мөсөн гулгуурын талбайн тариф 1000 төгрөг бөгөөд нэг талбайд 50-100 хүн гулгах боломжтой юм.
- ЕБС-ийн сургуулийн II улирлын амралтын хуваарьт өөрчлөлт орж 1-5 ангийн сурагчид 12 сарын 21-ээс ирэх оны 1 дүгээр сарын 26, 6-9 дүгээр ангийнхан 1 сарын 4-26, 10-12 ангийн сурагчид 1 сарын 11-26-ныг дуустал тус тус амарна. Энэ хуваарь ирэх жилүүдэд ч мөрдөгдөнө.
- МУИС-ийн ТУЗ-өөс тус сургуулийг таван бүрэлдэхүүн сургуультай болгох шийдвэр гарсан. Үүнийг эсэргүүцэж байгаа 15 захирал, 15 орлогч захирал, 80 тэнхмийн эрхлэгч байна. Энэ эсэргүүцлийг заавал давна. Эрдмийн ажил хийдэг, олон улсын хэвлэлд бүтээлээ хэвлүүлдэг багш нар бол энэ шинэчлэлд таатай хандаж байгаа. Энэ хандлага Монгол Улсын дээд боловсролын системийг аварна гэдэгт итгэлтэй байгаа гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд мэдэгдлээ.
- Ерөнхий сайд уламжлалт 30 минут уулзалт болов. Самурай бондыг Японы зах зээлд босгох хугацаа 10 жил байхаар ярилцаж байна. Бондын хүү, хэмжээг эцэслээгүй байна. Агаарын бохирдлыг арилгах хурал хийсэн. Хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Гурван жилийн дотор мэдэгдэхүйц бууруулна. Шинэ оны дараахан ажлын төлөвлөгөөгөө зарлаж, танилцуулна гэж мэдэгдсэн юм.
- МАН-ын бүлгээс сангийн сайд Ч.Улаан, эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах хүсэлтийг УИХ-ын даргад уламжлав. Сайдыг нарын асуудлаар Засгийн газар болон УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдасны эцэст холбогдох байнгын хороод хуралдаж санал хураасан. Ингээд олонхийн саналаар огцруулах асуудал дэмжигдсэнгүй.
- Найз залуудаа зодуулж амиа алдсан залуухан бүсгүйн гунигт амьдрал нийгмийг цочроосон. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” уулзалт хэлэлцүүлгийг санаачлан зохион байгууллаа.
- УИХ гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэх системд шилжсэн ч МАН-ын бүлгээс санал хураах систем, микрофоны ажиллагааг шалгуулах хүсэлтийн дагуу ТЕГ шалгалт хийж хэвийн гэх дүгнэлт гаргав.
- Шинэчлэлийн Засгийн газар энэ жил 49 мянган ажлын байрыг шинээр бий болгосон талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг дуулгалаа. Цаашид энэ тоогоо жил жилээр нэмж өсгөх бололцоотой гэнэ. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн хүрээнд энэ жил 3600, 2014 онд 4000, 2016 онд 4500 ажлын байр шинээр бий болгохоор шинэчлэлийн засгийн газар ажиллаж байна. МХЕГ-аас 2013 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөг үндэслэн мэдээлэл хийв.
- УИХ-ын дарга болон Тамгын газрын хамт олон шинэ жилийн баяртай холбогдуулан уриалга гаргав. “Улсын төсвийн талаас илүү хувийг бүрдүүлдэг татварын орлого нэг их наяд төгрөгөөр тасарч, Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал тогтворгүй байгаа энэ үед УИХ-ын Тамгын газрын хамт олон доорх уриалгыг элэг нэгтэй Монголчууд, Төрийн албан хаагч та бүхэндээ хандан гаргаж байна. Монголчууд бидний гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө хүсэн хүлээж мартагдашгүй дурсамжтай тэмдэглэн өнгөрүүлдэг шинэ жилийн баяр удахгүй эхлэх гэж байгаа үед энэхүү уриалгыг та бүхнийхээ сонорт уламжилж байгаа нь учиртай. Хэдийгээр цагаан цасан бударсан шинэ жилийн үдэш мөнгөн гацуураа тойрон хамт олноороо хөгжилдөн цэнгэлдэх сайхан ч та бидний тансаг наадам татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэгдэх ёсгүй. Төсвийн мөнгөөр санхүүжигддэг төрийн нийт албан хаагчид, элэг нэгт Монголчууд та бүхнийг бидний гаргасан эх оронч уриалгад нэгдэж, татварын мөнгөөр тансагладаг үрэлгэн зардлыг энэ шинэ жилийн баяраас эхлэн таслан зогсоох шударга үйлсэд нэгдэнэ гэдэгт туйлаас итгэж энэхүү уриалгыг та бүхний мэргэн сонорт өргөн дэвшүүлэв” гэж уриаллаа.
MNB.MN энэ 7 хоногт онцлож байна | ||
Үзсэн: 1633 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.