Шууд Chart

Монгол улс Япон улсаас “8 тэрбум”-ын зээл авахаар боллоо

2013-07-02 17:40:04

Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк хоорондын байгуулсан хэлэлцээрээр 8 тэрбум иений зээлийг манай улс авахаар зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулагдсан юм байна. Хэрэв уг хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төсөл батлагдвал манай улсын эдийн засгийн хөгжилд нэн чухал төслүүдийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж, Япон улсын орчин үеийн техник, технологи, үйлчилгээг  нэвтрүүлэх, экспортын бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэж Засгийн газрын гишүүн Н.Батбаяр хуулийн төсөл өргөн мэдүүлэхдээ хэллээ.

        УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г. Батхүү нар Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг мөн өргөн мэдүүллээ. УИХ улсын төсөв хэлэлцэх явцад зарим алдаа дутагдал гарах болсон юм байна. Тухайлбал, МУ-ын 2013 оны төсвийн тухай хуулийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад нэг обьектыг төсвийн хоёр ерөнхийлөн захирагчийн багцад тусгасан, мөн төсвийн хоёр дахь хэхэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусгахад хэрхэн шийдэгдэж байгаа нь ойлгомжгүй зэрэг дутагдал байдаг аж. 

Тиймээс дээрх алдаа дутагдлыг  арилгахын тулд төсвийн хэлэлцүүлгийн бүх процесст Улсын Их Хурал өөрөө хяналт тавьж, хэлэлцүүлгийн шатанд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг мэргэшсэн ажилтнуудаар хийлгэх, хянуулах шаардлагатай гэж парламентын нэр бүхий гишүүд үзсэн байна. Иймээс УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэд Төсвийн шинжилгээний албаны ажиллах орчин, хэм хэмжээ, чиг үүрэг, зорилгыг тодорхойлж хууль, эрх зүйн талаас нь баталгаажуулж өгөх зорилгоор Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсрууллаа гэж Ц.Даваасүрэн гишүүн мэдэгдлээ.

        Парламентын засаглал хөгжсөн  Бельги, Канад, Унгар, Солонгос зэрэг улсад  100-135 орчим хүнтэй парламентын төсвийн алба, Австри, Шведэд парламентын санхүүгийн зөвлөл, АНУ-д 235 хүнтэй Конгрессийн төсвийн алба нэртэй бүтэц зэрэг төсвийн хараат бус мэдээлэл, судалгаа шинжилгээгээр парламентыг хангах бие даасан нэгжүүд ажилладаг байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Монгол улс Япон улсаас “8 тэрбум”-ын зээл авахаар боллоо  
Үзсэн: 1365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй