Өмнөд Судан улсын улс төр, батлан хамгаалахын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан тус улсад үүрэг гүйцэтгэж байгаа НҮБ-ын энхийг сахиулагчид тэр дундаа БНСУ-ын батлан хамгаалахын бие бүрэлдэхүүнд Япон улсын Засгийн газар зэр зэвсгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шинэ тусгаар тогтнолоо зарласан энэ улсын аюулгүй байдлыг ханган хамгаалах хүрээнд тус улсад үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх тухай асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хэлэлцэхээр болж байгаа бол АНУ-ын зүгээс сөргөлдөгч талуудын хооронд гал зогсоох энх тайван байдлыг тогтоох хүрээнд зуучлагчаар ажиллахаар болжээ.
Эл улсад манай улсаас олон улсын энхийг сахиулах үйл хэрэгт оролцож байгаа тодорхой тооны бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Япон улсын энхийг сахиулах ажиллагааны хуулийн дагуу анх удаа ийнхүү НҮБ-д зэр дэвсэг нийлүүлэхээр болж байгаа нь энэ юм. Япон улсын засгийн газрын тэргүүн Шинзо Абе, батлан хамгаалахын тэргүүн Итцунори Онодера болон Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд БНСУ-ын Засгийн газраас гаргасан зэр зэвсэг нийлүүлэх тухай хүсэлтийн тухай хэлэлцсэн юм. Өмнөд солонгосын улсын батлан хамгаалахын коммандлагч нь Японы батлан хамгаалахын хүчний бие бүрэлдэхүүний одоо хэрэглэж байгаа 5,56 миллиметрийн винтов бууг Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэхдээ ашиглах тухай хүсэлтийг илгээсэн юм.
Одоогийн байдлаар өмнөд Суданы зүүн бүсийн Жонглей мужийн байдал нэлээд хурцдаж, тэнд байгаа Өмнөд солонгосын энхийг сахиулагчид өөрсдийгөө хамгаалах, зэвсэгт босогчидтой тэмцэх шаардлагатай болж байгаа гэдгийг мэдээлсээр байгаа юм. Японы сайд нарын танхим НҮБ-аар дамжуулан Өмнөд солонгосын энхийг сахиулагчдад нийтдээ 10 мянган ширхэг винтовыг нийлүүлэх тухай асуудлаар санал нэгдэж, энгийн иргэдийн амь насыг авран хамгаалах үйлсэд тусламж дэмжлэг үзүүлэх болсноо мэдэгдсэн юм.
Өмнөд суданы төрийн тэргүүн Сальва Кийрийн омог угсаатан, дэд ерөнхийлөгч асан Риек Мачарын хооронд үүссэн мөргөлдөөн улам эрчимжиж байгаа учраас Өмнөд суданд үүрэг гүйцэтгэх олон улсын энхийг сахиулагчдийн тоог нэмэгдүүлэх тухай асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ойрын хугацаанд тогтоол шийдвэр батлах хандлагатай байна. Одоогоос 2 жилийн өмнө Суданаас салан тусгаарлаж тусгаар тогтнолоо зарлахад нь НҮБ-ын зүгээс хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсэн учир эхний ээлжинд энгийн иргэдийн амь насыг эрсдлээс хамгалахын тулд одоо тус улсад үүрэг гүйцэтгэж байгаа 7500 энхийг сахиулагчдын тоог дахин зургаан мянгаар нэмэгдүүлэх тухай төлөвлөгөөг боловсруулаад байгаа юм. Энэ зөвлөлийг тэргүүлэн ажиллаж байгаа Франц улсын НҮБ дах элчин сайд Жерард Ярд нэмэлтээр илгээх энхийг сахиулагчдыг хөрш зэргэлдээх улс орнуудаас татахаар төлөвлөөд байгааг мэдээлж байсан юм.
Тэгвэл Өмнөд Суданы сөргөлдөгч талуудын хооронд гал зогсоох тухай асуудлаарх яриа хэлэлцээнд АНУ зуучлагчаар оролцох болсноо мэдэгдсний дараахан тус улсын тусгай элч төлөөлөгч Дональд Бүүт Өмнөд Суданы нийслэл Жуба хотноо төрийн тэргүүн Сальва Кийртэй уулзалт хийлээ. Энэ уулзалтаар Өмнөд суданы төрийн тэргүүн Кийр ямар нэгэн урьдчилсан болзол тавилгүйгээр дэд ерөнхийлөгч асан Риек Мачартай энхийн яриа хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Сөрөг хүчин болж байгаа Риек Мачар ч яриа хэлэлцээг эхлүүлэх хүсэл сонирхолтой байгаагаа мэдэгдснээр АНУ хоёр талын уулзалтыг зохион байгуулахад тусламж дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээж байна. Тус улсад үүссэн нөхцөл байдлын улмаас АНУ-ын Засгийн газар 380 гаруй иргэдээ нүүлгэн шилжүүлсэн бол Япон улсын Засгийн газар Өмнөд суданд сайн дураар үүрэг гүйцэтгэж байгаа иргэний чиглэлийн 100 гаруй ажилтан албан хаагчдаа нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг гарган онцын шаардлагагүй үед тус улсад аялахгүй байхыг ард иргэддээ хандан уриалсан байна.
| Суданд зэвсгийн туслалцаа үзүүлнэ | ||
| Үзсэн: 921 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.