Шууд Chart

Эдийн засгийн форумаас эерэг сигнал хүлээж байна

2018-05-18 16:07:50

Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клүбээс сар бүр тодорхой сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Энэ удаагийн сэдэв нь Монголын эдийн засгийн чуулганыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах вэ гэсэн сэдэв байлаа. Хэлэлцүүлэгт Монголын эдийн засгийн чуулганы хурлын даргалагч, “HD Монгол” телевизийн мэдээний албаны дарга Э.Лхагва, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөлийн ажлын албаны дарга Т.Хаш-Эрдэнэ, Уул уурхайн ассоциацийн ТУЗ-ийн дарга, эдийн засагч А.Билгүүн, Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адьяа, “Оюу толгой” компанийн Гадаад харилцааны зөвлөх Э.Хонгорзул нар оролцож сэтгүүлчидтэй ярилцлаа.

Хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдаас гаргасан санал санаачлага, тулгарч байгаа бэрхшээл цаасан дээр үлдэх үү гэдгийг хөндлөө. Төр хувийн хэвшлийнхэн нэгэн дор цугларч асуудлаа ярих, мэдээллээ нэгтгэх нь форумын нэг зорилт биелэлээ оллоо. Мэдээж өнөөдөр хуралдаад маргааш үр дүн гарахгүй нь тодорхой. Гэхдээ тодорхой зүйл дээр үүнийг ингэж шийднэ, хувийн хэвшлээс гарч байгаа энэ санлыг ямар хуулийн төсөл, хөтөлбөрт оруулах боломжтой вэ зэрэг шийдэлд хүрнэ. Харин хэрхэн ажил хэрэг болгож байна вэ гэдгийг нь сэтгүүлчид эргэн сурвалжлахын тулд мэдээллүүдийг архивлахаас эхлээд тодорхой үүрэгтэй байх хэрэгтэйг  Монголын эдийн засгийн форумыг даргалагч Э. Лхагва хэлж байсан юм.  Монголын эдийн засгийн форумд оролцож байгаа төрийн сайд, газрын дарга нар орж ирээд мэндчилгээ, үг хэлчихээд гараад явахгүй. Бүх салбар хуралдаанд оролцож, хөрөнгө оруулагч,  хувийн хэвшлийнхэний санлыг сонсоно гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөлийн ажлын албаны дарга Т.Хаш-Эрдэнэ онцолсон.

Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О. Адьяа “Нэгэнт ороод ирсэн хөрөнгө оруулагчидтайгаа Монгол улс ямар харилцаатай байна вэ гэдгээс дараагийн үүд хаалга нээгдэнэ.

Тиймээс хөрөнгө оруулагчидад хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчлэх, хууль эрх зүйгээ олон өөрчлөхгүй байхыг эрхэмлэх хэрэгтэй. Мөн төр хувийн хэвшлийн түншлэлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхэд эдийн засгийн форум тодорхой нөлөөлөх байх гэдгийг хэлж байлаа.

Уул уурхайн салбарыг хэрхэх вэ гэдгийг эдийн засгийн форумаар хөндөн ярилцах байх. Энэ салбар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдтэй холбоотой Татварын хуулиас эхлээд ярилцах зүйл их байгаа. Бид тулгарч байгаа бэрхшээлийн тухай төртэйгээ ярилцах боломж Монголын эдийн засгийн форум олгоно гэж найдаж байгаагаа Уул уурхайн ассоциацийн ТУЗ- ийн дарга, эдийн засагч А.Билгүүн хэлсэн. Харин Оюу толгой компанийн Гадаад харилцааны зөвлөх Э. Хонгорзул “Манай компанийн хувьд үйл ажиллагаа хэвийн явж байна. Гэхдээ далд уурхайн хөрөнгө оруулалтай холбоотой буруу зөрүү ойлголт нийгэмд бий. Тэр бүхнийг илэн далангүй ярилцаж, төрийн холбогдох байгууллагууд, бусад мэргэжлийн байгууллагуудад тодорхой үнэн бодит мэдээллийг түгээнэ гэдгийг хэлсэн юм.


Эдийн засгийн форумаас эерэг сигнал хүлээж байна   
Үзсэн: 1068 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй