Шууд Chart

Б.Гантулга: “Эрт нахиалсан сарнай” киноны туслах дүрд тоглох тухай бодож явснаас найруулна чинээ санасангүй

2018-05-31 10:51:06

МҮОНТ-ийн найруулагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Гантулгатай ярилцлаа. Тэрбээр ирэх даваа гарагаас МҮОНРТ-ээр гарах гэж буй “Эрт нахиалсан сарнай” олон ангит киног найруулсан юм.

-“Эрт нахиалсан сарнай” киноны ажил яг хэзээнээс эхэлсэн бэ?

-Бидний бүтээсэн киноны зохиолыг “Хэцүү анги”, “Тусгай салаа” киноны эзэн А.Амарсайхан хоёр жил хэртэй бодож байгаад бичсэн гэсэн. Өнгөрсөн жил надад үзүүлэхдээ “Үүгээр кино болгож болно гэвэл МҮОНРТ-ийн удирдлагуудад танилцуулья” гэсэн юм. Ийнхүү 30 ангитай уран сайхны кино болгохоор баг бүрэлдэхүүнээ сонгосон доо. Найман сарын турш зураг авалт, монтаж хийгдэж, үзэгчиддээ ирэх даваа гарагаас хүргэх гэж байна.

-Киноны агуулгыг товч танилцуулбал үзэх гээд хүлээж буй үзэгчдэд сонирхолтой санагдах болов уу?

-Багаасаа өнчирсөн ах дүү хоёрын тухай өгүүлдэг. Мөн өвлөгдөн үргэлжилж буй уртын дууны гайхамшгийг харуулна. Үзэгчид маань киногоо үзэхээрээ илүү ойлгох учираас дэлгэрэнгүй ярих илүүц биз. Зураг авалтын зарим хэсэг Турк Улсад хийгдсэн.

-Энэ удаагийн бүтээл таны найруулсан хэддэх кино болж байна вэ?

-Гурав дахь. Өмнө нь “Огцом эргэлт”, “Нарны жим” гэсэн киног найруулсан. Харин “Амьдрал чиний төлөө” кинонд туслах найруулагчаар ажилласан.

-“Эрт нахиалсан сарнай” киноны найруулагчаар таныг ажиллаач гэж санал хэн нэгнээс ирсэн юм уу, эсвэл сонгон шалгаруулалт явагдсан уу?

-Өмнө нь таван найруулагч “Би хийнэ” гэж хэлж байсан ч ажил болгохгүй байсан юм билээ. Тэгэхэд нь А.Амарсайхан надад “Үүнийг чи л хийж чадна” гээд санал тавьсан. Түүнтэй би “Огцом эргэлт” кинонд хамтарч байсан болохоор намайг мэднэ л дээ. Гэхдээ А.Амарсайхан надад өмнө нь “Энэ киног тэр хүн найруулах гэж байгаа” гэхээр нь “Тэгвэл намайг туслах дүрд ч хамаагүй тоглуулаарай” гээд тоглоом, шоглоомоор хэлж байв. Би чинь жүжигчин мэргэжилтэй болохоор кинонд тоглох хүсэл мэдээж байгаа юм чинь. Гэтэл явсаар надад ирдэг байгаа. Манай багт 20 гаруй хүн ажилласан.

-Дүрүүдээ хэрхэн сонгосон бэ?

-Гол тав, дүрүүдэд 35, туслах дүрүүдэд 200 гаруй хүн оролцсон. 850 сцейнтэй. Зохиолч маань анх холлүвүүд форматаар бичсэн байсан. Бид залуу үеэ дэмжих талаас нь ярилцаж, мэргэжлийн сургуулиа төгсөөд удаагүй байгаа залуусыг сонгосон. Зарим хүн “Олны танил жүжигчнийг гол дүрдээ тоглуулахгүй яасан юм бэ”  гэж байна билээ. Яг үнэндээ бид залуучуудаа дэмжиж ажиллахгүй бол хэн дэмжих юм, тийм биз дээ. Жүжигчин хэмээх сайхан мэргэжил эзэмшчихээд найруулагчдын хараанд өртөхгүй үлдвэл харамсалтай хэрэг болно. Гэхдээ олны танил жүжигчдийг оролцуулахаас арга үгүй дүр мөн байдаг л даа. Ялангуяа түүхэн дүрүүдэд.      

-Өнөөдрийн байдлаар та олон ангит кино хэд хэдийг найрууллаа. Бүрэн хэмжээний кино бүтээх бодол бий юу?

-Миний мөрөөдлийн нэг бол тэр. “Тийм агуулгатай кино гаргах юмсан” гэсэн санаа ч байна. Тохироо нь бүрдвэл болох байх.

-Тэгвэл та “Тийм дүрд тоглох юмсан” гэсэн хүсэлтэй л байлгүй ...

-Мэдээж. Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд зургадугаар ангиасаа явсан. СУИС-ийн кино, драмын ангийг ч төгссөн. Хамгийн сүүлд би “Боловсрол” телевизийн олон ангит “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” киноны туслах дүрд тоглосон. Ойрд кинонд тоглоогүй байж байгаад оролцсон чинь гоё байна билээ. Гэхдээ жүжигчин хүн байнга бэлтгэлтэй байх хэрэгтэй л дээ.

-Одоогоор нийт хэдэн кинонд тоглосон байна вэ?

-Гол болон туслах дүрд 10 гаруй кинонд тоглосон. Манай ангийнхан СУИС-иа төгсөөд хошин урлаг, зарим нь дуулж, хуурдаад явах үед би тухайн үед байсан “Орчлон” кино фильмийн найруулагч Ж.Биндэр багшийн гар дээр жүжигчин байх ухаанаас дахин суралцсан. Надтай жүжигчин Д.Оюунтуул, Ч.Болд нар очиж байлаа.

-Ярилцсанд баярлалаа.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Гантулга: “Эрт нахиалсан сарнай” киноны туслах дүрд тоглох тухай бодож явснаас найруулна чинээ санасангүй  
Үзсэн: 4031 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй