
Монголын тусгай олимпийн хороо, Тусгай олимпийн Зүүн Азийн бүстэй хамтран Бяцхан тамирчин үндэсний сургалтыг Монголд анх удаа зохион байгуулж, өчигдөр өндөрлөлөө.
Бяцхан тамирчин хөтөлбөр 2-7 насны оюуны бэрхшээлтэй хүүхдэд бага наснаас нь спортын ур чадвар олгох, хөгжөөнт тоглоомоор дамжуулан бие бялдарыг хөгжүүлэх, олон талын чадвар бэхжүүлэх онцлогтой.
Энэ хөтөлбөр оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн хүүхдүүдтэй хамт тоглуулан хөгжүүлэх, бие биенээ ойлгох, дэмжих цаашлаад найзалж нөхөрлөх боломжийг олгодог юм.
Сургалтад нийт 60 гаруй хүүхэд оролцож байна. Мөн Дорноговь, Өвөрхангай, Дорнод, Өмнөговь, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын тусгай сургууль, цэцэрлэг, хүүхэд хөгжлийн төвийн багш, дасгалжуулагч, хөдөлгөөн засалч, эмч нар оролцож байна.
Монголын тусгай олимпын хороо нь 2013 онд байгуулагдан олон улсын тусгай олимпийн хөдөлгөөнд гишүүнээр элссэн, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Өнөөдрийн байдлаар нийт 2000 гаруй тамирчин, 70 дасгалжуулагч, 1000 гаруй эцэг эх, 200 гаруй сайн дурынхан, 50 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэнг хамруулан ажиллаж байна.
Тусгай олимп спортын уралдаан, тэмцээнээр дамжуулан оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бидний адил тэгш эрхтэй иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах зорилготой дэлхийн 172 улсын гишүүнчлэлтэй олон улсын хүмүүнлэгийн төрийн бус байгууллага юм.
Монголын тусгай олимпийн хороог УИХ-ын гишүүн асан С.Оюун даргалав.
Тусгай олимпийн бяцхан тамирчин үндэсний сургалт болов | ||
Үзсэн: 785 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.