12 дугаар сарын IV долоо хоногт улс оронд болж өнгөрсөн үйл явдлаас тоймлон хүргэж байна. 12 дугаар сарын 22-ны өдөр ЭНЭМҮТ-д Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат Э.Хандсүрэн амаржиж гурван хүү, нэг охин төрүүллээ. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын цагдаа, дэслэгч Ч.Баттулгынх ийнхүү дөрвөн ихэр хүүхэдтэй болсон нь энэ оны хамгийн онцлох үйл явдлын нэг байлаа. Залуухан дэслэгчийнх ой долоон сартай нэг охинтой бөгөөд бяцхан охин нэгэн зэрэг дөрвөн дүүтэй боллоо. Энэ баярт явдал нь Монгол улсад анхны тохиолдол юм. Монгол орны салбар бүрийн төлөөлөл ихрүүдийн гэр бүлд сайн сайхныг хүсэн ерөөж тусламж дэмжлэг үзүүлэв. ЦЕГ залуу ажилтнаа Улаанбаатар хотод ажлын байртай болгохоор шийдвэрлэсэн төдийгүй хоёр өрөө байр бэлэглэлээ.
Шинэчлэлийн Засгийн газрын “11 11 төв” нээгдсэнээс хойш 72 мянган санал, хүсэлт, гомдол, талархал хүлээн аваад байна. Эдгээр санал хүсэлтийг Засгийн газрын яам, агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд хуваарилан зохих хариуг иргэдэд буцаан хүргэдэг. Өнгөрч буй долоо хоногт “11 11 төв”-д 723 иргэн ханджээ. Эмийн үнэ өндөр байна, эмийн бөөний төвүүдийг цэгцэлж, замбараагүй үнийн системийг нэгдсэн бодлогоор зангидмаар байна гэсэн иргэний саналд Эрүүл мэндийн яамнаас өгсөн хариултдаа “Зарим эмийн бөөний болон жижиглэн худалдааны үнийн дээд хязгаар тогтоохоор ажиллаж байна” гэж онцолжээ. Түүнчлэн нийслэлийн аж амьдралтай холбоотой асуудлаар 235 иргэн хандсаны дийлэнх нь халаалт муу, цахилгаан байнга тасарч байна, төслийн зуух авахад чирэгдэл ихтэй байна гэжээ. Малын бруцеллёз өвчний вакцины санхүүжилт одоо хүртэл олгогдоогүй талаар мэдүүлж орон нутгаас холбогдсон байна. Малын эм, вакцины зардлыг тухайн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх учраас сумынхаа удирдлагад хандах нь зүйтэй гэж Сангийн яамнаас зөвлөжээ.
Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал хүндэрсэн шалтгаанаар УИХ дахь МАН бүлэг Сангийн сайд Ч.Улаан болон, Эдийн засгийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах хүсэлтээ гаргасан. УИХ-ын чуулганы 25-ны өдрийн үдээс хойшхи хуралдаанаар гишүүд сайд нарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар Ч.Улаан, Н.Батбаяр нар засгийн газрын гишүүн хэвээр үлдэв.
Энэ 7 хоногт улс орон даяар салбар бүр ажлаа дүгнэж, шилдгүүдээ тодруулан алдаршуулав. 2013 онд ололт амжилт, сурлага, спортоор үеийнхнээ манлайлсан шилдэг 20 хүүхдэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Оны шилдэг” хүүхэд батламж нь гардуулсныг онцлов. Мөн АТГ хийсэн ажлаа тайлагнаж авлигын индекс 0.65 хувьтай авилгын гэмт хэрэг буурч буйг харуулав. Ерөнхий сайд Н.Алтанхуяг яам, агентлагуудын удирдлагуудтай сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим уулзалтаараа төрийн байгууллагын ажилтнууд, яам, тамгын бүтээлч ажлуудыг нэрлэлээ. Өнгөрсөн онд хэрэгжиж эхэлсэн орон сууцны 8 хувийн хүүтэй урт хугацааны зээл нь цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх сайн ажил болсон гэж дүгнэв.
Ажилтай, оролготой монгол хүн бодлогын хүрээнд гаднаас авдаг байсан ажиллах хүчний тоог бууруулж, ажилгүй байсан хүмүүсээ богино хугацаанд сургаж бэлтгээд аж ахуйн нэгжтэй нь холбож чадсан учраас 51 мянга гаруй ажлын байрыг шинээр бий болгов. Төрийн хүнд суртлыг арилгах, төсвийн хөрөнгийн зарцуулалтыг иргэдэд ил тод болгох талаар Сангийн яам бодитой ажил хийлээ. Орон нутгийн хөгжлийн сангийн 209 тэрбум төгрөгийг аймаг орон нутгийнхан юунд зарцуулахаа иргэдээрээ хэлэлцүүлсэн. Энэ хөрөнгийн зарцуулалтыг иргэд эргэж хянадаг тогтолцоог Сангийн яам хийж чадлаа.
Төрийн үйлчилгээний цахим машиныг Улаанбаатар хотод төдийгүй бүх аймагт суурилуусныг, бүтээн байгуулалтын чиглэлээр хийсэн авто зам, гудамж төслийн ажлуудыг сайн гэж дүгнэлээ. Өнгөрсөн онд зургаан аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох төлөвлөгөөтэй байсан боловч зарим компанийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас шалтгаалж Өмнөговь, Хөвсгөл аймгийн замууд холбогдож чадаагүйг дурдлаа.
Чингис бондын хөрөнгөнөөс санхүүжүүлэх экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийн төслийг иргэдэд ил тод шалгаруулахад сайд нар, төрийн нарийн бичгийн дарга нарын үүрэг оролцоо их байгаа гэдгийг анхааруулсныг онцлов. Улаанбаатар хотын сургуулиудын I-V ангийн сурагчдын II улирлын амралт энэ 7 хоногт эхлэв. Бага ангийн сурагчид таван 7 хоног амарна.
MNB.MN өнгөрч буй 7 хоногт онцлож байна | ||
Үзсэн: 1516 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.