Ажлын өдөр бүрийн орой үзэгчид МҮОНРТ-ээр гарч буй “Эрт нахиалсан сарнай” уран сайхны киног үзэж байна. Иймд тус киноны “Чөмөг” Ганбаагийн дүрд тоглосон МҮОНРТ-ийн “P3” радиогийн продюсер, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Батболдтой ярилцлаа.
-“Эрт нахиалсан сарнай” уран сайхны кинонд хэрхэн тоглох санал авсан бэ?
-Миний үндсэн мэргэжил найруулагч, жүжигчин. Гэхдээ мэргэжлийнхээ дагуу ажиллаж, киноны уран бүтээлд нэг их ажилаагүй. Дэлгэцийн 10 гаруй л бүтээлд гол болон туслах дүрд тоглосон. Өнгөрсөн жил ийм кино хийгдэх гэж байна, дүрийн сонгон шалгаруулалт явагдана гэдгийг дуулаад өөрийгөө сорьё, мэргэжилээрээ ажилаад үзье гэж бодсон. Ингээд гурван удаа проб өгсний эцэст намайг тоглуулах болсноо хэлсэн. Эхний шалгаруулалтад орж байхад найруулагч Б.Гантулга надад “Чамаас нэг юм харж байгаа” гэж хэлсэн. Тэр үг нь нэг дүрээ надад оноох гээд л ажиглаад байсан нь тэр юм билээ л дээ. Ийнхүү би эсрэг дүр болох “Чөмөг” Ганбаад тоглолоо.
-Өмнөх кинонуудад эсрэг дүрд тоглож байв уу. Энэ удаагийнх ямар санагдсан бэ?
-“Босго тотго” кинонд эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан зүтгэсэн Бадам гэдэг цэргийн дүрд. Харин “Тоглоомын дүрэм”, “Ус дээшээ урсдаг” гэсэн кинонд эсрэг дүрд тоглосон. “Эрт нахиалсан сарнай” киноны найруулагч намайг яагаад гурван удаа пробонд оруулсныг асуухад 2011 онд гарсан ыМҮОНРТ-ийн уран бүтээл “Амьдрал чиний төлөө” киноны Соривтын залуугийн дүрд тоглосныг харахдаа миний нүдийг ажигласан гэсэн. Ингээд бодоход миний тоглосон дүрийн ихэнхи нь эсрэг болж.
-Эсрэг дүрд тоглох ямар санагдаж байна вэ. Зарим жүжигчин мухар сүсэгтээ итгэж жаахан цааргалдаг гэсэн ...
-Тийм тохиолдол байдаг л даа. Харин залуу уран бүтээлч миний хувьд дүр голох эрх байхгүй. Тэгээд ч эсрэг дүрд тоглохдоо би дуртай. Учир нь энэ дүр сайн байж гэмээн бусад дүр илүү тод харагдана.
-Таны гаднах төрхийг харахад эсрэг дүрд тоглохоор тийм ч өвөрмөц харагддаггүй бололтой. Найруулагчдад юу нь содон ажиглагддаг юм бол ...
-Дээр хэлсэндээ миний нүдийг л хардаг байх. Хэдийгээр тухайн жүжигчний харц зөөлөн байх юм бол нүүр царай хэчнээн өвөрмөц байлаа ч тохирохгүй. Тэгээд ч би энэ дүрд тоглохыг маш их хичээсэн.
-Хамгийн сүүлд хэзээ кинонд тоглосон бэ?
-Гурван жил гаруйн өмнө. Тиймээс би энэ удаагийн киноны зураг авалт эхлэхэд нэлээн сандарсан шүү. Харин дараа дараагийн үеэс гайгүй болсон.
-Дүрийнхээ судалгааг хэр их хийсэн бэ?
-Нэлээн хийсэн. Энэ “Чөмөг” Ганбаагийн дүр хэдийгээр уран сайхных ч гэлээ нийгэмд иймэрхүү хүн бий. Тиймээс би хэцүү нэртэд ороод гарч ирсэн хүмүүстэй уулзаж, үг хэллэгийг нь хүртэл бичиж тэмдэглэсэн.
-Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрхуягтай хамтарч тоглосон. Энэ хүн танд хэр их зөвлөгөө өгсөн бэ?
-Бид хоёр өмнө нь хамтарч ажиллаж байгаагүй. Харин дүрээ авсныхаа дараа би түүнтэй утсаар холбогдож “Тантай хамтарч тоглохоор болжээ. Таниас зөвөлгөө авах гэсэн юм” гэхэд “Сүүлийн үед залуучууд дүрээ авчихаад зураг авалт эхлэхээс өмнө чам шиг ингэж ярьж байгаагүй. Харин чи сайн байна. Ингэж л уран бүтээл хийх хэрэгтэй. Манай гэрт хүрээд ир” гэсэн. Ингээд л бидний хамтран ажиллах гараа эхэлсэн дээ. Бид хоёр энгийн үед инээлдэж, хөхрөлдөж байсан ч зураг авалт яг эхлэх үед тэр тэс өөр хүн болдог. Надтай өмнө нь уулзаж байгаагүй юм шиг өөрчлөгддөг.
-Та киногоо орой бүр үзэж байгаа байх. “Дутуухан гаргаж дээ” гэсэн хэсэг байна уу?
-Байлгүй яах вэ. Зураг авалт хийгдэж байхад ч тэгж бодогдож байсан. Жишээ нь цагдаагийн нохойнд хазуулж байгаа хэсэг сүүлийн ангид гарна. Тэрийг дахиж авмаар санагдсан. Миний оролцсон хэсэг долоон сарын турш 100-аад сцени хийгдсэн.
-“Чөмөг” Ганбаагийн дүрд та алт мөнгөний хойноос улайрсан нэлээн шуналтай нэгэнийг илтгэдэг. Харин хувь хүн талаасаа хэр шуналтай вэ?
-Би ямар нөхцөлд, ямар зан араншин гаргах ёстой вэ гэдгийг тохируулж чадна. Энэ маань жүжигчин мэргэжилтэй холбоотой байх. Шуналын хувьд бүх хүн шуналтай. Түүний адил шунал надад бий. Гэхдээ тийм ч их биш. Харин уран бүтээлийн, улам илүү сайхан амьдрах шунал их.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Батболд: Би эсрэг дүрд тоглох дуртай | ||
Үзсэн: 3463 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.