Шууд Chart

“Монгол дахь соёлын өвийг хамгаалах семинар”-ыг Австрийн мэргэжилтнүүд зохион байгуулж байна

2018-06-18 16:39:37

Богд хааны ордон музейн санаачилгаар “Монгол дахь соёлын өвийг хамгаалах семинар”-ыг Австри улсын Венийн Хэрэглээний их сургуультай хамтран өнөөдрөөс эхлэн 22-ныг дуустал хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.

Богд хааны ордон музей нь Венийн Хэрэглээний их сургуулийн Сэргээн засварлах хүрээлэнтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж түүний дагуу үе шаттай ажлыг зохион байгуулж байгаа юм.

Тус хүрээлэнгийн захирал хатагтай Габриел Крист болон түүний баг хамт олны дэмжлэгтэйгээр дурсгалт уран барилгын уламжлалт өнгө будгийн полихромын судалгааг Монголын сэргээн засварлагч, мэргэжлийн багш нарын хамт хэрэгжүүлж байгаа юм.

Венийн Хэрэглээний их сургууль нь 2013 оноос хойш Монгол Улсын Соёлын өвийн үндэсний төв, Соёл урлагийн их сургууль, Богд хааны ордон музей зэрэг байгууллагуудтай идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлж байгаа юм. Энэ жил тус семинарыг Венийн Хэрэглээний их сургуулийн ахлах сэргээн засварлагч Катарина Кохлер дахин удирдан явуулах бөгөөд тэрээр өмнө нь Энэтхэг, Төвдийн эртний сүм хийдийн уран барилгын гадна өнгө будгийн поликромын бүрэн бүтэн байдал болон энэ чиглэлийн бусад төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай юм.

Энэ жил тус сургалт нь өнгөрсөн жилийн  сургалттай ижил нэрийн дор зохион байгуулагдсан бөгөөд Монголын сэргээн засварлагч нарт барилга угсралтын судалгааг хэрхэн хийх, дээж авах талаар танилцуулсан. Тус семинар нь Богд хааны ордон музейн зуны мөргөлийн сүмүүдийн гаднах өнгө будгийн бүрэн бүтэн байдлын үнэлгээ, шинжилгээн дээр үргэлжлүүлэн ажиллах ба будган давхаргуудыг нэгтгэх, цэвэрлэгээний туршилтыг хэрхэн гүйцэтгэх талаар практик ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Өнгөрсөн жилийн семинараас хойш Катарина Кохлер болон Монголын сэргээн засварлагчид Вена хотод үргэжлүүлэн Монголд хийсэн судалгааг Сэргээн засварлах хүрээлэнгийн лабораторийн шинжилгээнд оруулж, тооцоо судалгааг боловсруулж байна.

Уг судалгааны үр дүнг энэ үеэр музейн удирдлага болон оролцогчдод танилцуулан үр дүнг нэгтгэн дүгнэх болно. Өнгөрсөн жил Соёлын өвийн үндэсний төв болон Соёл урлагийн их сургуулиас оролцож байсан багш, сэргээн засварлагч нар мөн энэ жилийн семинарт дахин хамрагдах юм. Богд хааны ордон музейд хийж буй соёлын өвийг хамгаалах сургалт семинар нь Хэрэглээний их сургуулиас 2018 онд Монгол улсад зохион байгуулж буй хоёр дахь семинар болж байна. Эхний сургалт нь чулуун дурсгалын хадгалалт хамгаалалтын чиглэлээр одоо манай улсад болж байгаа бөгөөд сургалт семинарыг тус их сургуулийн доктор Иохане Вебер зэрэг нарийн мэргэжилтнүүд зохион байгуулж байгаа юм.

.Заяасайхан "Цаг хугацааны машин" үзэсгэлэнгээ дэлгэнэ

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Монгол дахь соёлын өвийг хамгаалах семинар”-ыг Австрийн мэргэжилтнүүд зохион байгуулж байна   
Үзсэн: 703 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй