Шууд Chart

Н.Жигжиддорж шинэ цомгоо Ц.Батчулуун багшдаа зориуллаа

2018-06-19 15:44:02

Манай улсад зургаа дахь удаагаа болох гэж буй Морин хуурын олон улсын наадмын хүрээнд долоо хоногийн турш олон сонирхолтой арга хэмжээ болох юм. Үүний нэг нь ирэх долдугаар сарын 4-нд Улсын филармонид болох Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин, удирдаач Н.Жигжиддоржийн шинэ цомгийн нээлтэд зориулсан тоглолт.

Тэрбээр энэ үдэш цомогт багтсан бүтээлүүдийг морин хийлч Д.Амармэнд, төгөлдөр хуурч Э.Намуун нартай хамт тоглож сонсгоно. Үүнд, сүүлийн үед гараас гаргасан болгон нь мэргэжлийн хөгжмийн ертөнцөд “хит” болж буй хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын морин хуурт зориулсан II концерт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарын гурвал болон Б.Шаравын “Эхийн сэтгэл шиг...” шинэ бүтээл багтжээ. Хөгжмийн зохиолчдын гурвалын талаар тодруулъя. Эдгээр нь уг нь хийл, төгөлдөр хуур, морин хийлд зориулсан бүтээл бөгөөд хөгжимчин Н.Жигжиддорж хийлийн хэсгийг морин хуураар орлуулан тоглосноор онцлог.

Урлаг судлаач, доктор, профессор Н.Жанцанноров гоцлол хөгжимчний сонгож цомогтоо багтаасан бүтээлүүдийн талаар болон уран бүтээлчийн тухайд юу хэлснийг цухас дурдъя.

Тэрбээр “Хуурч Жигжиддоржийн шинэ цомогт орчин цагийн Монголын мэргэжлийн хөгжмийн сор бүтээлүүдийн дээжис оржээ. Ш.Өлзийбаярын морин хуур, найрал хөгжмийн II концерт нь хуурчийн уран чадварыг шавхсан, найрал хөгжмийн дуурьслын хувьд нэн сонирхолтой, сонгодог хэлбэрийн бүтээл юм.

Хөгжмийн зохиолч энэ бүтээлээ хуурч Жигжиддоржид зориулан туурвисан бөгөөд Жигжиддорж анхлан хуурдсан. Б.Шарав, Х.Билэгжаргал нарын хийл, морин хийл, төгөлдөр хуурын гурвалууд Монголын хөгжмийн XX зууны ололтыг бүрнээ илэрхийлнэ. Хийлийг морин хуураар орлуулан хөгжимдсөн нь Жигжиддоржийн зориг, бас чадварыг илэрхийлж байгаа хэрэг. Миний “Саруул талын дээгүүр” гэх гурвалыг энэ цомогт оруулсанд талархахын ялдамд уг бүтээлийг шинэ сэргэг дуурьсал, уран чадварын сайхан охь оргилуулан хөгжимдсөнд баярлууштай. Жигжиддорж хуурчийн хөгжимдөх өндөр эрэмбэ, хуурынх нь өрнүүн эрчимт дуурьслыг сонссон хэний ч сэтгэл хөдөлдөг. Тоглолт нь баяр баясал, ухаарал гэгээрэл өгнө гэдэгт итгэнэм” гэлээ.

Гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж “Би энэ цомгоо Морин хуурын чуулгыг үндэслэгч, морин хуурч, удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулуун багшдаа зориулсан. Багшийн маань хамгийн сүүлд удирдан бичүүлсэн том хэмжээний бүтээл бол хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын морин хуурын II концерт. Үүнийг нь бодсон ч, монгол үндэстний морин хуур хөгжмийг эх орондоо болон дэлхий дахинд түгээн дэлгэрүүлсэн их үйлсээр нь бахархаж явдгийн хувьд шинэ цомгоо багшдаа өргөн барьж байгаа юм. Ивээн тэтгэж хэвлүүлж өгсөн “Ц.Батчулуун” сангийнханд талархаж байна“ хэмээн ярилаа.

Нээлтийн тоглолтын үеэр шинэ цомгийн худалдаа зохион байгуулах ажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Жигжиддорж шинэ цомгоо Ц.Батчулуун багшдаа зориуллаа  
Үзсэн: 1346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй