Шууд Chart

“Translator of өвс” үзэсгэлэн нээгдэв

2018-06-25 09:35:06

Би бүтээгч, хайрлагч, ухаарагч, ухамсарлагч, бясалгагч байх дуртай. Миний дотор Оршихуйн утга уянга багтан ядан хөглөгдөхөд өвсөнд, шувуудад, нохойд бас хүмүүст зориулж зурдаг.” С.Саранцацралт

Монгол улсын Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт хамгийн сүүлийн үед бүтээсэн зургуудаа дээрх цөөн үгсээр тодорхойлсон байна. Танд болоод таны зогсож буй газрыг эмжсэн өвсөнд, таны дээгүүр дүүлэн нисэх шувуудад зориулж зурсан эдгээр зурагнаас та гэрэлт өнгө, тод томруун өгүүмжтэй дүрслэлийг олж үзэх болно.

Үзэсгэлэн “MN Tower”-ын 17 давхарын “MN Арт галарей”-д гарч байна.

Ертөнцийн гоо сайхныг илтгэгч эрвээхийн өгүүлэмж, нүүдэлчдийн баяр баясгаланг илтгэх мишээсэн тэмээд болоод намар цагийн налж гундсан өвснүүд гээд түүний дүрслэл бүхэн танд хэлэх өөрийн гэсэн өгүүлэмжтэй байгаа.

Энэ үзэсгэлэнгийн бүтээлүүд уран зургийн хамгийн орчин үеийн хосолмол өнгө аясыг өөртөө агуулжээ. Өрнийн уран зургийн хэв маягийг дорнын бясалгахуйн ухаанаар баяжуулж, нүүдэлч монголчуудын зан ааль, дүр төрхөөр цогцлоож бүтээсэн зураг нэг бүр нь тантай амьд яриа өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Ухаан орсон цагаасаа хойш зурсаар, бүтээсээр ирсэн С.Саранцацралт үргэлж шинэчлэгч, тэмүүлэгч, өгүүлэгч байсаар ирсэн бөгөөд монголын дүрслэх урлагийн контемпорари хөгжлийн нэгэн түүхийг өөрийн бүтээлээрээ дамжуулан хүн төрөлхтөнд үлдээсээр яваа билээ.

Монголын уран зургийн галерейгаас эхлээд олон тивийн алдартай үзэсгэлэнгийн танхимуудад буй түүний аль ч бүтээлээс та оюун санааны болоод уран чадварын гайхамшигийг олж үзэх боломжтой. Тиймээс уран зураг цуглуулагчид С.Саранцацралтын дахин давагдашгүй дүр төрхтэй зургуудад дурлаж, нүдэнд үл үзэгдэх амьд эрчмээр нь зүрх сэтгэлээ гэрэлтүүлэх дуртай байдаг биз ээ.

Энэ удаагийн “Translator of өвс” үзэсгэлэнийн бүтээлүүдэд шингэсэн амьд эрчим хүчийг та тайван үзэж, мэдрэхийг хичээгээрэй.  Хүн бүрийн дотор нойрсож буй амьд Будда байдгийг, хүн гэдэг өөрөө өвснөөс ялгаа үгүй энгийн атлаа агуу, даруу хэрнээ үзэсгэлэнтэй зүйл болохыг зураач С.Саранцацралт өвсний хүслээр, бийрийн хэлээр таны мэлмийд дэлгэн үзүүлснийг таалан соёрхоно уу.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Translator of өвс” үзэсгэлэн нээгдэв  
Үзсэн: 1746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй