
Монголын нүүдэлчний өв соёл, ардын урлагийг гадаад дотоодод сурталчилах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой соёлын наадмыг энэ сарын 11,12-нд Хүй долоон худагийн “Монгол наадам” цогцолборт зохион байгуулах гэж байна.
Тус наадмыг 2008 оноос эхлэн Соёл Урлагийн Их Сургуулийн багш, оюутнууд, Монголын Урлагийн Зөвлөлийн ажилчид, соёлын өв тээгчид, уран бүтээлчид зэрэг 200 гаруй хүн хамтран нэгдэж, сайн дурын үндсэн дээр зохион байгуулж ирсэн бөгөөд өдгөө Монголчуудын хүсэн хүлээсэн наадам болоод байна.
Энэ жилийн Соёлын Наадмыг Соёл Урлагийн Их Сургууль (СУИС), Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) хамтран зохион байгуулж, Рио Тинто компани ивээн тэтгэж, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, “ХААН” Банк дэмжиж шинэлэг агуулга, сонирхолтой хөтөлбөрүүдээр өргөжүүлэн, наадамчин олонд хүргэхээр хамтран ажиллаж байна.
Хүй Долоон Худаг дахь Соёлын Наадмын үеэр “Монголын нэг өдөр” хот айл байгуулж “Сэрсэн тал” орчин үеийн урлагийн хотхон, “Талын монгол” нүүдэлчний хотхон, “Хүүхэд бидний ирээдүй” хүүхдийн хотхон, “Монгол наадам” соёлын хотхоныг ажиллуулж, үндэсний соёлын биет бус өв, нүүдэлчин ахуйг наадамчид өөрийн биеэр мэдэрч суралцах боломжийг олгож байна. Тухайлбал: уламжлалт тоглоом наадгай, дэмбээ, шагайн харваа, нум сум харваа, уран бичлэг, эсгий урлаг, үндэсний хувцас урлал, ардын аман зохиолын өргөөнүүдээр наадамчин олон зочлох боломжтой. Мөн наадамчид дүрслэх урлагийн үзэсгэлэн үзэж, хөрөг зургаа зуруулах, нүүрээ будуулах, хөгжөөнт тэмцээн уралдаанд оролцох, Аврага Монгол баримлуудтай зураг авхуулах сонирхолтой хөтөлбөрүүд бий. Соёлын Наадмын талбайд “Морьтны гайхамшиг” шоу тоглолт, “Монголын нэг өдөр” язгуур урлагийн тоглолтыг хоёр өдрийн турш олон нийтэд толилуулна.




“Монголын нэг өдөр” соёлын наадам 11 дэх жилдээ болно | ||
Үзсэн: 2336 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.