2013 оны 12 сарын 30-ны Даваа гарагаас 2014 оны 01 сарын 05-ны өдөр хүртэл улс оронд маань өрнөсөн үйл явдлын тойм мэдээллийг хүргэж байна. Ерөнхийлөн дүгнэхэд хуучин оныхоо амжилт бүтээл, алдаа оноог нэгтгэн дүгнэж, шинэ онд шийдвэрлэх асуудал, бүтээх бүтээмж бүхнээ төлөвлөсөн өдрүүд байлаа. Он солигдох мөчид Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Чингэлтэй дүүрэгт амьдардаг өнөр өтгөн нэгэн айлын хоймориос ард түмэндээ хандаж хэлсэн үгнээс онцолж байна.
“...2013 он бол амжилтаа ахиулж, илүү эрчээр илүү хөгжил рүү тэмүүлэхийг хүссэн түүхэн сонголтын он байлаа. Төрийн тэргүүний албыг үргэлжлүүлэн үүрэх итгэл хүлээлгэсэн ард түмэндээ баярласнаа дахин илэрхийлье. Миний бие улс үндэстнийхээ нийтлэг эрх ашиг, хөгжил дэвшлийн төлөө үүрэг хүлээсэн цэрэг шиг зүтгэх болно. 2013 он бол "Том төрөөс ухаалаг төр рүү" шилжих бодлогын суурийг тавьж, цаашид олон чухал өөрчлөлт өрнүүлэх эхлэлийг нээсэн түүхэн жил боллоо. 2013 онд манай бүтээлч иргэд, эрдэмтэн мэргэд, соёл, урлаг спортынхон шинэ ололт, амжилт бүтээлээр дүүрэн байлаа. 2013 онд хууль, шударга ёсыг бэхжүүлэх үйлсэд бид ололтоо баталгаажуулж чадлаа. Монгол улс сүүлийн хоёр жилд 36 байраар авлигын түвшинг буурууллаа. Мөн шүүх эрх мэдлийн шинэтгэлийн арга хэмжээнүүд үргэлжилж байна. 2013 он бол “Иргэний оролцооны жил” байлаа. Бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоо өсөн нэмэгдлээ. 2013 онд Монголчууд бидэнд амжилт ололтоос гадна хүндрэл, сорилт бэрхшээл ч багагүй тулгарлаа. Та бид өнгөрсөн сургамждаа суурилж хөгжил дэвшилд хүрэх замаа хамтдаа бүтээж чадна гэдэгт би итгэлтэй байна.
... 2014 онд охид эмэгтэйчүүд, хүүхэд ахмадуудын эсрэг хүчирхийллийг буруулах, таслан зогсооход онцгой амжилт гаргахын төлөө ажиллах болно. 2014 онд эдийн засгийн ололт иргэн бүрт хүртээмжтэй байж, өрхийн хуримтлал нэмэгдсэн жил болоосой гэж хүсч байна. Үүний төлөө төр анхаарч ажиллана. Популистууд биш үйлдвэрлэгчид, бүтээгчид хүчээ авсан, тэдгээрийг үнэлсэн жил байгаасай гэж би хүсэж байна. 2014 он бол судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хуулийг тэгш хэрэгжүүлдэг төртэй болоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх жил юм. Манай иргэдийн эрүүл, аюулгүй амьдрахад гамшиг учруулж байгаа утаа, агаарын бохирдол, мөн нийгмийг бухимдуулж байгаа шударга бус бүхэнтэй хийж буй тэмцэлд ахиц дэвшил гарсан жил болно...” хэмээв.
Шинэ оны ажлын анхны өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг уламжлалт 30 минут уулзалтаа хийв. Ерөнхий сайд засгийн газар 2014 онд импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ихээхэн анхаарна гэж мэдэгдлээ. 2013 онд Монгол Улсын нийт импорт 6 орчим тэрбум ам.доллар хүрсний талаас илүү хувийг эрдэс, хуванцар, арьс шир, химийн бүтээгдэхүүн, машин механизм, цахилгаан хэрэгслийн импорт эзэлж байна. Иймд энэ чиглэлийн импорт орлох үйлдвэрийн төслийг нэн тэргүүнд дэмжинэ. Монгол Улс одоо эрдэс, ноос ноолуур гэсэн хоёрхон төрлийн бүтээгдэхүүнээ голлон экспортолж байгаа тул экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулахад дэмжлэг үзүүлнэ.
Импорт орлох, экспорт нэмэх үйлдвэрлэлийг дэмжихэд “Чингис” бондын хөрөнгөөс 360 шахам тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөөд байна. Төслүүдийн саналыг энэ сарын 17-ныг хүртэл нээлттэй хүлээн авч байна. Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар оролцсон баг төслүүдэд эхний шатны сонгон шалгаруулалт хийж, дараа нь Засгийн газрын гишүүдийн түвшинд бодлогын хяналт тавьснаар эцэслэн шийднэ. Гуравдугаар сарын 1-ний дотор сонгон шалгаруулалтыг дуусгаж, санхүүжилтээ олгож эхэлнэ. Манай улс өнгөрсөн онд ДНБ-ээ 12 орчим хувиар өсгөсөн урьдчилсан дүнтэй байна. Инфляцийг нэг оронтой тоонд барих зорилт тавьсан ч хүссэн түвшнээ 1 хувиар алдаж, 11 орчим хувьтайгаар оноо үдлээ.
Төсвийн алдагдлыг 2 хувьд барина гэсэн зорилтоо биелүүллээ гэж Засгийн газрын тэргүүн танилцуулсан юм. ЭМЯ 2014 оныг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж байх энэ үед эмчийн хариуцлагагүй үйлдлээс болж амь насаа алдах энүүхэнд болоод буй долоон настай охины аав төрийн гурван өндөрлөг, салбарын сайдаас тусламж хүссэнийг онцлоё. Эрүүл энх өсөн торниж, эрдэм номд шамдан суралцаж явсан Н.Энхбилэг охин 2013 оны 10 сарын 08-нд сахуугийн вакцин хийлгэснээс улбаалан өвдөж өдгөө гарын хоёр хуруу, хэлнийхээ хэсгээс тайруулан, өвчин намдаах эм тарианы хүчинд өдөр хоногийг өнгөрөөж байна. Вакцины харшлаас болж амь насны эрсдэл ойрхон байгаа бяцхан иргэнийхээ асуудалд төр засаг, салбарын сайд хэрхэн хандах нь одоогоор тодорхойгүй байна.
Нийслэлийн ерөнхий боловсролын есөн сургууль сурагчдын автобустай болсныг дуулгая. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тус бүр нь 90 сая төгрөгний үнэтэй автобусыг “Хьюндай” компани нийлүүлсэн байна. Харин монголын эрс тэс уур амьсгалд зориулж автобуснуудад тусгай тоноглол буюу нэмэлт халаалт, цантдаггүй шил давхар хийсэн байна. Автобуснууд өдөрт 402 км-ийг туулж Бэлх, Сэлх, Шарга морьт, Морингийн Даваа, Био комбинат, Монос, Тахилт, Эмээлт, 22-ын товчоо хүртэл маршрутаар сурагчдыг сургууль гэр хоёрынх нь дунд тээвэрлэх юм. Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын урьдчилсан дүнг танилцуулав.
Манай улсын мал сүргийн тоо 45075.7 мянган толгойд хүрч, 2012 оныхоос 10.2 хувь буюу 4154.8 мянгаар өссөн байна. Нийт мал сүргийн дотор адуу 5.8 хувь, үхэр 6.4 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 44.5 хувь, ямаа 42.6 хувийг эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.3 пунктээр буурч, адуу, үхэр, хониных тус бүр 0.1 пунктээр өсч, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт ороогүй байна. Шинэ жилийн баярын өдрүүдэд гэмт хэрэг, ослын дуудлага бага байсныг дуулгахад таатай байна. Мөн шинэ оны эхний өдөр ер бусын дулаан цаг агаартай өдөр байлаа. Харин цаг агаар энэ сарын сүүлчээр хүйтэрнэ гэдгийг цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байна.
Энэ 7 хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 1427 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.