Шууд Chart

Өнөөдөр Ким Чен Уны төрсөн өдөр

2014-01-08 13:24:55

Өнөөдөр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун 31 нас хүрч байна. Тэрбээр 1983 оны энэ өдөр мэндэлжээ.  Дэлхий дээр цорын ганц  хамгийн хаалттай дэглэмийг толгойлж байгаа учраас түүнийг танихгүй хүн гэж үгүй .

Ким Чен Уныг 27 настай байхад нь эцэг Ким Чен Ир 68 насандаа мөнх бусыг үзэж залгамж халааг нь авсан юм. Ким Чен Ир гурван хүүтэй бөгөөд ууган хүү Ким Чен Намдаа халаагаа өгөхөөр бэлдэж байсан  боловч итгэлийг нь даа­гаагүй. Барууны соёлд хэт автсан гэгддэг ууган хүү нь 2001 онд Доми­никаны Бүгд Най­рам­дах улсын иргэний хуурамч паспортоор Япон руу зорчих  гэж бай­гаад ба­ригд­сан. Түүнийг Токио хотын Диснейлэн­дэд очихоор явж байсан гэдэг. Удир­дагчийн дунд хүү Ким Чен Чхоль нь бие муутай. Ким Чен Ирийн тогоочоор олон жил ажилласан Японы иргэн  Кэндзи Фужи­­­мото  дурдатгалдаа энэ талаар бичсэн бай­даг. Дунд хүү Ким Чен Чхолийг эцэг нь эмэгтэй хүн шиг хэмээн үргэлж шүүмжил­дэг байсан  гэнэ. 
 
Одоогийн удирдагч Ким Чен Уны хувийн мэдээлэл ховор байдаг ч хуу­рамч нэрээр Швей­царьт Олон улсын сур­гуульд сурч байсан гэсэн бор шувуу нисдэг. Мөн  Ким Ир Сены нэрэмжит Батлан хамгаалахын их сургуульд сурч байжээ. Тэрбээр халаагаа авсныхаа дараагаар өөрийн улсаа маш хатуу аргаар удирдаж эхэлсэн. Хамгийн сүүлд буюу 12 сарын эхээр Пхеньяны дэглэмийн хоёрдугаар хүн гэгддэг, авга ах Жан Сон Тэкийг гэнэт баривчлан авилгын хэрэгт буруутган цаазалсан нь дэлхий нийтийг цочроосон. Мөн түүний дурлалт бүсгүй хэмээн нэрлэгдэж байсан поп од Хён Сон Волыг завхай явдлыг дэлгэрүүлсэн кино, бичлэг хийсэн хэргээр олны өмнө цаазалсан юм.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Өнөөдөр Ким Чен Уны төрсөн өдөр   
Үзсэн: 1162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй