
Тав дахь жилдээ улирал тутам тасралтгүй гарч байгаа уран зохиолын шилдэг цоморлиг- “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн энэ намрын дугаар уншигчиддаа очлоо. Энэ дугаарт Монгол Улсын төрийн шагналт, түүхч, зохиолч Ш.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан намтар цадигийн товчоон, судалгааны өгүүлэлээр эхэлжээ.
Ерөөс тус сэтгүүл өнөө жил мэндэлсний өндөр ой тохиож байгаа алдарт уран зохиолчиддоо алтан хуудсаа зориулж байгаа аж. Хаврын дугаарт нь мэндэлсний 110 жилийн ой нь тохиож байгаа төрийн гурван удаагийн шагналт эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн, зуны дугаарт нь мэндэлсний 100 жилийн ой нь тохиож байгаа төрийн шагналт зохиолч, ардын жүжигчин Э.Оюун нарын намтар цадиг, судалгааны өгүүллүүд багтжээ.
Зохиолчдын нэрийн хуудас болсон шүлгүүд гар бичвэрийн хамт тавигддаг “Сондор” буланд нь “Азийн Утга зохиолын шагналт” нэрт яруу найрагч Д.Урианхайн “Инээд шиг хуучин хүний амьдралд...” шүлэг гар бичвэрийн хамт гарсан байна. Мөн МЗЭ-ийн шагналт, зохиолч Н.Сүхдоржийн “Хөх хулсны анир” тууж, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Э.Хархүү, Түрэг гаралт олон улсын яруу найргын наадмын тэргүүн шагналт яруу найрагч Б.Жукель нарын шинэ шүлгүүд, Түүхч, зохиолч Б.Наминчимидийн “Нэгэн гунигт хайрын түүх” өгүүллэг, төрийн шагналт зохиолч Ц.Доржготов, Ардын уран зохиолч С.Дашдороов нарын дурсамж, цадиг хууч, хөдөлмөрийн баатар зохиолч Л.Түдэвийн захидал гээд уншихад сонирхол татам олон бүтээл энэ дугаарт орсон байна.
Сэтгүүлийн уламжлалт булан “Зохист аялгууны толь”, “Гарын үсэгтэй ном”, “Дуун хөрвүүлэгчийн цэцэрлэг”, “Хөөрөлдөөн”, “Монгол туургатны яруу найраг”, “Зохиол төрсөн түүх”, “Захидал”, “Сүүтэй дөрөө” зэрэг буланд ч өвөрмөц, шинэлэг шүлэг найраг, өгүүлэл, эсээ, орчуулга, ярилцлага тавигдсан байна.
“Нобелийн шагналтан” булангаас 1996 оны Нобелийн шагналтан яруу найрагч Вислава Шимборскагийн тухай уншиж, шүлэг яруу найрагтай нь танилцаж, “Сонгодог өгүүллэг” булангаас нобелийн шагналт зохиолч Херта Мюллерийн богино өгүүллэгийг уншиж болох аж.
Тус сэтгүүлийн зөвлөл 2017 оны тэргүүн бичлэгийн шагналаа 2017 оны намрын дугаарт хэвлэгдсэн Төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Догмидын “Бууны сумыг буцааж болдоггүй ” туужид олгосоноо зарлаж, түүнд батламж 100 мянган төгрөг гардуулжээ.
“Улирал ба Зохиолч” сэтгүүл намрын дугаарынхаа онцлох зохиолчоор саяхан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн, Д.Нацагдоржийн шагналт, зохиолч А.Шартолгойг, харин онцлох номоор Р.Чойномын “Өд” сангаас эрхлэн хэвлүүлсэн “Хан хэнтийн салхи” номуудыг тодруулсан байна.
“Улирал ба Зохиолч” сэтгүүлийн 19 дахь дугаар уншигчиддаа хүрч эхэллээ | ||
Үзсэн: 1512 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.