Шууд Chart

Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх хуулийн төсөлд санал авахаар хүргүүллээ

2014-01-09 15:44:21

УИХ дахь МАН-ын бүлгээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүлсэн билээ. Өнөөдөр уг шаардлагатай холбогдуулан санаачлан боловсруулсан таван хуулийн төсөлдөө санал авахаар ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт бүлгийн удирдлагууд гардуулж өглөө. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг тусгасан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд нэмэлт оруулах тухай таван хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан нар санаачлан боловсруулсан юм.
2014 онд цалин, хөлсийг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас авах арга хэмжээний үр дүнд төрийн албан хаагчдын цалин хөлс дунджаар 6-8 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь зөвхөн сүүлийн хоёр жилд цалин хөлсний нэмэгдэл үнийн өсөлтөөс 70-80 хувиар хоцорно гэсэн үг юм.
Оны эхээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзахдаа энэ сард багтаан төсөвт тодотгол хийнэ гэж мэдэгдсэн. Тиймээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэх МАН-ын бүлгийн саналыг төсвийн энэхүү тодотголтой уялдуулан шийдэх боломжтой гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна.
 
УИХ дахь МАН-ын бүлгээс санаачлан боловсруулсан хуулийн төслүүд
 
НЭГ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд   нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
ü   Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгчээ алдсан хүүхэд зэрэг хөдөлмөрийн чадваргүй иргэний нийгмийн баталгаа болох тэтгэврийн нэмэгдэл үнийн өсөлтөөс хоцорч байгаа нь өрхийн бодит орлогыг бууруулж хэрэглээг хязгаарлах, улмаар тэднийг ядууралд оруулах үндсэн шалтгаан болж байна. Зөвхөн 2012-2013 онд хэрэглээний үнийн индекс урьдчилсан байдлаар 27,7 хувиар өссөн бол энэ хугацаанд тэтгэвэр нэг хувиар ч нэмэгдсэнгүй. 2014 онд тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээний үр дүнд тэтгэврийн хэмжээ 6-8 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь зөвхөн сүүлийн хоёр жилд тэтгэврийн нэмэгдэл үнийн өсөлтөөс 70-80 хувиар хоцроно гэсэн үг юм. Иймээс тэтгэврийн бодит худалдан авах чадварыг бууруулахгүй байж, тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангахын тулд тэтгэврийн хэмжээг жил бүр өмнөх жилийн хэрэглээний үнийн өсөлтөөс багагүй хувиар нэмэгдүүлж байх шаардлагатай байна. 
 
ХОЁР. Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
 
ü   Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг хэрэглээний үнийн индексээр жил бүр нэмэгдүүлж байх, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа эх, эцэгт сар бүр тэтгэмж олгох, нийгмийн халамжийн тэтгэвэр, зарим төрлийн тэтгэмжийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтоож байхаар тусгалаа. Үүнд: Өнөөдөр Нийгмийн халамжийн тэтгэвэр 103.600 төгрөг байгаа. Энэ нь  192.000 төгрөг болж нэмэгдэнэ. Асаргааны тэтгэмж 48.000 төгрөг нь 192.000, Жирэмсэн болон нярай хүүхэдтэй эхийн тэтгэмж40.000 нь 192.000 болж нэмэгдэх бол Хөдөлмөрийн хуулийн дагуу 3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд өмнө нь тэтгэмж олгогддоггүй байсныг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 192.000 төгрөг байхаар тусгагдаж байна.
 
ГУРАВ. Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай
 
ü   Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулахтухай хуулийн төсөл нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны эрх зүйн статусыг дээшлүүлэх, эрх, үүргийг өргөжүүлэх, түүнтэй холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллага болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цалин хөлсний зохицуулалтын талаарх эрх үүрэгт өөрчлөлт орох юм.
 
ü   Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг батлан мөрдүүлж байгаа туршлага, ажилтны төлөөллийн байгууллага болох Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хорооны үйл ажиллагаанаас үзвэл уг хорооны шийдвэр гаргах эрх мэдэл, статусыг дээшлүүлэх нь нийгмийн зөвшлийн гурван талт тогтолцоог хөгжүүлэх, хөдөлмөрийн харилцааг төлөвшүүлэхэд зохих үр дүнтэй гэж үзэж байна.
ДӨРӨВ. Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай
 
ü   Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь төрийн албан хаагчдын цалингийн хэмжээ, сүлжээ, жишгийг жил бүр хэрэглээний үнийн индексээр нэмэгдүүлж байхаар хуульчилж өгөх юм. Үүнд:
o   Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлд “28.4.6. Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээ, жишгийг Төрийн албаны төв байгууллага санал болгож, Үндэсний статистикийн хорооноос гаргасан өмнөх оны хэрэглээний үнийн индексээр дараа оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Засгийн газар болон эрх бүхий байгууллага нэмэгдүүлнэ” гэсэн заалт нэмж оруулах
ТАВ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд нэмэлт оруулах тухай
ü Боловсрол, тусгай мэргэжил шаардахгүй ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтныг хөдөлмөрийн мөлжлөгөөс хамгаалж нийгмийн баталгааг хангахад Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ чухал ач холбогдолтой билээ.
 
ü Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан өмнөх оны хэрэглээний үнийн индексээр дараа оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо нэмэгдүүлнэ” гэсэн заалтыг нэмэж оруулах саналыг гаргаж байна.
 
ü Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, эрх зүйн аливаа сөрөг үр дагавар гарахгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг ажилтны бодит орлого буурахгүй, нийгмийн баталгаа нь сайжрах эерэг нөлөөтэй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаа бүхий бусад тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг үнийн өсөлтийн ижил индексээр нэмэгдүүлэх учир хөрөнгийг урьдчилан төлөвлөсөн байх боломжтой гэж үзэж байна.
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх хуулийн төсөлд санал авахаар хүргүүллээ  
Үзсэн: 1491 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй