Шууд Chart

Асашёорюү Д.Дагвадорж Токиод болсон хандивын арга хэмжээнд оролцлоо

2018-09-25 08:16:08

Мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү Японы нийслэл Токио хотноо болсон хандивын арга хэмжээнд оролцлоо. Хүнд өвчтэй хүүхэд багачуудад туслах хөрөнгө босгох хөлбөмбөгийн тэмцээнд Асашёорюүгийн баг Италийн хөлбөмбөгийн од, 2006 оны дэлхийн аварга, 2000 оны Европын аваргын мөнгөн медальт Алессандро Дель Пьерогийн багтай халз үзэлцсэн юм.

Дель Пьерогийн 10 дугаар алдартай бол Асашёорюү мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна гэдгээ илтгэсэн 68 дугаартай талбайд гарсан.

Тоглолтын дараа Дель Пьеро “Асашёорюү маш хурдан юм. Хөлбөмбөг ийм сайн тоглодгийг нь хараад ихэд гайхлаа. Дараа Италид дахин нэг удаа хөлбөмбөг тогломоор байна. Ёкозүнатай хариу тоглолт хийнэ” гэж сэтгүүлчдэд ярьжээ.   

Энэхүү хандивын тоглолтыг Хорватын шигшээ багийн тоглогч Лука Модрич зохион байгуулсан бөгөөд Испанийн лигийн тоглолттой тул өөрөө оролцож чадаагүй аж. Гэхдээ арга хэмжээний үеэр энэ зун ОХУ-д болсон ДАШТ-ий Англитай хийсэн тоглолтод түүний өмссөн өмсгөлийг дуудлагаар худалдсан байна. Мөн “Реал” Мадрид багийн Рамос, Катарт тоглож байгаа Испанийн шигшээ багийн тоглогч асан Шави, Дель Пьеро нарын өмсгөлийг дуудлагаар худалдаж, орлогыг хүүхдүүдийн санд хандивласан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Асашёорюү Д.Дагвадорж Токиод болсон хандивын арга хэмжээнд оролцлоо  
Үзсэн: 1803 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй