
“Имарт” худалдааны төв нь гурван жилийн өмнөөс дэлхийн жишгийг Монголдоо нэвтрүүлсэн. Тэр ч утгаараа үйл ажиллагаа нь өдрөөс өдөрт өргөжин тэлж байна.
Тус төвийн хамт олон “Монгол хүн та 100 наслаг” уриан дор эх орны хөрсөнд тарьж ургуулсан эрүүл, найдвартай эко хүнсийг хэрэглэгч нартаа хүргэх зорилгоор “Фермерүүдийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.
Уг хөтөлбөрт одоогоор зургаан хүлэмж болон мах сүүний фермүүд хамрагддаг аж.
Иймд “Имарт”-ын “Фермерүүдийг дэмжих хөтөлбөр”, түүнд хамрагдаж буй байгууллагуудыг олон нийтэд танилцуулах зорилгоор өчигдөр сэтгүүлчидтэй хамт аяны дөрөө жийсэн юм. Аялалын эхэнд Монгол дахь хамгийн том өргөст хэмхийн хүлэмжийн аж ахуйг эрхэлж буй “Монос”-ын охин компани болох “Төгс ургац” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэхүү хүлэмж нь А, В гэсэн үндсэн хоёр заалтай. Заал тус бүр нь 4032 метр квадрат талбайтай бөгөөд нийтдээ 1080 метр квадрат талбайд өргөст хэмх тариалдаг юм байна. Энэхүү талбайгаас өглөө бүр шинэ өргөст хэмх хураан авдаг бөгөөд өдөрт хоёр тонныг хураан авч нийслэлийн иргэдийн хэрэгцээг хангахаар “Имарт” руу илгээдэг аж.
Жилд одоогоор 500 тонн өргөст хэмх хураан авч байгаа бол цаашид 1000 тонныг хураах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа гэнэ.
Түүнээс гадна С хэсэг буюу үрсэлгээний талбайтай юм байна. Энэхүү талбайд үрсэлгээ хийснээс хойш 14 хоног болон сарын дараагаас ургацаа өгч эхэлдэг аж.
“Төгс ургац” ХХК нийтдээ 40 гаруй ажилтантай бөгөөд, хүлэмжинд 25 хүн ажиллаж байна. Хүлэмжийн ажилчид 06:00 цагаас эхлэн өргөст хэмхээ хурааж эхэлдэг. Үүний дараагаар арчилгаа хийж, бүтээгдэхүүнээс савласнаар нийслэл рүү бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлдэг аж.
Тус компани нь 2016 онд байгуулагдсан бөгөөд 2017 оны дөрөвдүгээр сард анхны ургацаа хүлээн авсан байна. Шинэ бүтээгдэхүүн гарсан цагаас хойш “Имарт” худалдааны төвтэй хамтран ажиллаж өглөө бүр шинэ өргөст хэмх нийлүүлж иржээ.
Ийнхүү өргөст хэмхийн хүлэмжтэй танилцсаны дараа Төв аймгийн Баянцогт сумын нутагт орших “Мөнх ногоон тал” компанийн “Элбэг ургац” фермд очлоо.
Уг ферм нь 2012 оноос жимсний аж ахуй эрхэлж эхэлжээ. Өнөө жил зургаа дахь жилдээ гүзээлзгэнэ тариалж байгаа гэнэ.
“Мөнх ногоон тал” ХХК-ийн захирал Д.Давааням
“Манай жимсний аж ахуй 2012 онд байгуулагдсан. Зургаа дахь жилдээ гүзээлгэнэ тариалж байгаа. Анх ХХААЯ-наас зарласан “Гүзээлзгэнэ” хөтөлбөрийн дагуу гүзээлзгэнэ тарьж ургуулж эхэлсэн. Хоёр янзын технологиор тариалдаг. Нэгдүгээрт эх орныхоо үржил шимтэй хөрсөн дээр тариалдаг. Хоёрдугаарт газар тариалангийн сүүлийн үеийн технолиор усан орчинд ургуулж байна. Энэхүү хоёр технологийг хослуулан тариалж, өнөөдөр жимсний тариалалтыг хөгжүүлэхийг зорьж байгаа. “Имарт” байгуулагдсан цагаас хойш манайхтай хамтран ажилласан. Цаашид жимсний төрөл зүйлийг олшруулах зорилгоор Европоос бөөрөлзгөний дөрвөн төрөл, алим чавга тариалж, ирэх жилээс усан үзэм тариалахаар бэлтгэл хангаад байна. Бид одоо борлуулалтандаа санаа зовохооргүй болсон. Харин одоо жимсний төрлөө аривжуулж тариалах нь чухал байна” гэв.
Энд тариалсан гүзээлзгэнэ Монгол хөрсөнд ургаад, өглөө бүр шинээр хураагдаж хоёр цагийн дараа л хэрэглэгчдэд хүрдэг. Харин импортын гүзээлгэнэ дор хаяж долоо хоногийн дараа хэрэглэгчдэд хүрдэг. Гэтэл гүзээлзгэнэ олон хоногийн хадгалалт тээвэрлэлт даадаг жимс биш гэдгийг тус аж ахуйн ерөнхий агрономичид онцолж байв.
“Элбэг ургац” фермийн ерөнхий агрономич Э.Болорцэцэг
“Манайх 2008 оноос хойш гүзээлзгэнэ тариалж байгаа. Сүүлийн таван жилийн хугацаанд гүзээлзгэнэ дагнан тариалсан. 18.5 га талбайтай. Үүний 0.4 га талбайд нь Голланд үрийн гүзээлзгэнэ тариалж байна. Ургацаа өглөө бүр шинээр нь хурааж, өдөр бүр нийслэл рүү хүргэдэг. Сүүлийн гурван жилийн турш “Имарт” худалдааны төвтэй хамтран ажиллаж, нийлүүлж байна. Өдөрт 50-60 кг болон түүнээс ч их гүзээлзгэнэ хураан авдаг” гэв.
Гүзээлзгэнийг тариалснаас хойш 45 хоногийн дараагаас жимсээ өгч эхэлдэг байна. “Элбэг ургац” ферм гүзээлгэний найман хүлэмжтэй, 10 гаруй ажилтантай. Арчилгаа их шаардсан жимс болохыг агрономич нь хэлж байв.
Гүзээлзгэнийг өвлийн хүлэмжид тариалж болох ч одоогоор тийм хүлэмж байхгүй тул эднийх арваннэгдүгээр сарын дунд хүртэл гүзээлзгэнээ хураах ажээ.
Дэлхийн стандарт, автомат технологийн сүр хүчийг гайхуулсан өргөст хэмхний шилэн хүлэмжтэй танилцсан, агрономич охидын сэтгэлээ шингээж тариалсан амтлаг гүзээлзгэнэтэй аж ахуйгаар орсон сэтгүүлчдийн аялал ийнхүү өндөрлөв.
Хүлэмжүүдээсээ авсан ногоо, жимс жимсгэнэ, бүтээгдэхүүнээ “Имарт” төв нь өөрийн лаборитори болон Мэргэжлийн хяналтаар давхар баталгаажуулагдан хэрэглэгчдийнхээ гарт хүргэдэг байна. Тиймээс шинэ, эрүүл, элдэв химийн найрлага үгүй эко хүнсний нарийн ногоо, жимс жимсгэний “Имарт” худалдааны төвөөс хүссэн хэмжээгээр худалдан авах боломжтой боллоо.
Монголын хөрсөнд, Монгол хүний гараар тарьж ургуулсан жимсийг “Имарт” худалдаалж байна | ||
Үзсэн: 2369 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.