
МҮОНРТ Дэлхийн олон нийтийн телевизүүдэд зориулсан тусгай контент болох “BBC World News” болон Данийн “The why” байгууллагын хамтын бүтээл “World stories” 54 баримтат кино контентийг Монголдоо анх удаа албан ёсны онцгой эрхтэйгээр “Дэлхийн түүхүүд” нэртэйгээр үзэгчиддээ хүргэж байна.
Дээрх бүтээлийг дэлхийн нэрт найруулагч, продюсерүүд бүтээсэн бөгөөд олон улсын баримтат бүтээлийн уралдаанууд, кино фестивалийн олон удаагийн шагнал хүртсэн юм.
“Дэлхийн түүхүүд- нэвтрүүлэг МҮОНТ-д хэрэгжсэн анхны “Мульти-платформ” төсөл юм. Өөрөөр хэлбэл МҮОНТ нь үзэгч, олон нийтийг танин мэдүүлж, боловсрол олгох, хараат бус мэдээ мэдээллийг бэлтгэн түгээх үндсэн үүрэг, зорилгынхоо хүрээнд дэлхийн бие даасан энэхүү кино контентийг долоо хоногт нэг удаа МҮОНРТ-ийн нэг, хоёрдугаар суваг болон www.mnb.mn цахим хуудас, worldstoriesmnb FB live-Сошиал медиэ сувгаар нэвтрүүлгээ үзэгчиддээ хүргэж байна.
Тус телевизийн хамт олон 2018 оны гуравдугаар сарын 6-аас зургадугаар сарын 11-ний хооронд нэгдүгээр улиралын нийт 15 дугаарыг үзэгчиддээ хүргээд байна.
Кино хэлэлцүүлгийн эхний 20 минут нь телевизийн сувгаар нэвтэрч үлдсэн 60-70 минут нь өөрийн албан ёсны FB хуудсаар live-р явдаг. Сошиал медиа сувгийг ашигласнаар үндсэн хоёр сувгийнхаа байнгын үзэгчдийг нэмээд, 1,8 сая FB хэрэглэгч, үзэгчиддээ эфирээ хүргэж байна.
Дэлхийн баримтат бүтээлийн нэрт уран бүтээлчдийн энэхүү дахин давтагдашгүй контентийг МҮОНРТ-ийн хамт олон зөвхөн эх хэлнээ хөрвүүлээд зогсохгүй, кино тус бүрийн сэдвээр өнөөдөр нийгмийн өмнө тулгамдаж байгаа эмзэг асуудлуудыг тэнцвэртэйгээр, хараат бус, хариуцлагатай сэтгүүлзүйн зарчим, ёс зүйн хүрээнд зоригтой хөндөж баримтат бүтээл бүхний дараа “тухайлсан дэд” сэдвийн хүрээнд нийгэмд төдийгүй, салбартаа нэр хүндтэй судлаач шинжээч, эксперт 5-8 зочныг урьж ярилцдаг. Ингэхдээ асуудлын тухай гэхээсээ илүү асуудлыг шийдэж болох гарц, гаргалгааг хайж, мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг олон нийтэд хүргэн ажиллаж байна.
Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр улиралын 15 дугаарт хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчэрхийллийн эсрэг, нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо, хэвлэлийн эрх чөлөө, хараат бус сэтгүүлзүй, шударга ёс, хууль-эрх зүй, хүүхдийн тэвчэшгүй хөдөлмөр-уралдаач хүүхэд, эрүүл мэнд, боловсролын асуудал, цахим орчин дахь хүүхдийн эрх хамгаалал мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нийгмийн хөгжлийн асуудал зэрэг сэдвийг хөндөн ярилцсан байна.
“Дэлхийн түүхүүд” Монголд төсөлт нэвтрүүлгийн хоёрдугаар улиралын шинэ дугаар яг одоо “Гадаадын хөрөнгө оруулалт” сэдвийн хүрээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч Васильев Максим Викторович, АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны Эдийн засгийн хэлтсийн дарга Бенжамин Ли Рой, Канад улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Дэвид Спрул, Монгол улс дахь Олон улсын Валютын сангийн суурин төлөөлөгч Нэйл Сакер, "Кинкора Коппер Лимитед" ХК-ийн захирал Камерон мкрей, Үндэсний Хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Дашдэмбэрэл, Транспэрэнси Интернэшнл Монголиа компанийн Гүйцэтгэх захирал О.Батбаяр, Эдийн засгийн бодлогын зөвлөх Ч.Отгочулуу нар оролцож байна.
Тэд Гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ
-Хөрөнгийн санхүүжилтийг хэрхэн үүсгэх вэ?
-Эдийн засгийг ямар арга замаар тэлэх вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн үр бүтээлтэй зарцуулах вэ?
-Монгол улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин гадаадын хөрөнгө оруулалтыг нийгмийн олон салбарт, ард иргэдэд хэрхэн үр ашигтайгаар хүргэх зэрэг асуудлыг хөндөн ярилцаж буй.
“Дэлхийн түүхүүд” Монголд төслийн хоёрдугаар улиралын шинэ дугаар эхэллээ | ||
Үзсэн: 1196 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.