Шууд Chart

Энэ 7 хоногт MNB.MN онцлож байна

2014-01-11 09:48:34

Нэгдүгээр сарын II дахь долоо хоногт улс оронд болж өнгөрсөн үйл явдлын тойм мэдээллийг хүргэж байна.   Өвлийн эхэн саруудын цаг агаар нэн таатай байж даарах, жиндэхийн зовлон амсаагүй нийслэлчүүдэд эдгээр өдрүүд хүйтний эрчийг “жинхэнээр” нь мэдрүүлэв. 

Яг энэ үетэй давхцан “Автобус I” компаний ажилчид ажил хаялт зарлалаа. 650 ажилчинтай тус компаний өглөөний  ээлжийн 100 ажилтан ажил хаясан нь идэр есийн тэсгэм хүйтний үед иргэдэд хатуу тусав. Эгнээндээ хоёр ч нийтийн тээврийн компанийг нэгтгэсэн энэ ажил хаялт Баасан гарагт шийдвэрлэгдэв.  НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөл “Автобус I”-ийн ажилчид, Үйлдвэрчний эвлэл болон удирдлагатай нь уулзаж үүсээд байгаа асуудлаар нэгдсэн байр суурьт хүрснээр ажилчид ажилдаа гарлаа.  “Автобус I” ОНӨҮГ-ын ажилчид  Үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудаар дамжуулан захиргаа  болон хотын удирдлагуудад хүсэлтээ дайлаа. Тэдний гол асуудал нь хөдөлмөрийн норм үндэслэлгүй өндөр байгаагаас ажилчид аваар осол хийх, анхаарал болгоомж алдах аюултай байгаа учир хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоож бууруулах, цалин хөлсийг зөв бодох, хууль бус суутгал хийхгүй байх, түлш шатахуун ажилчдаар төлүүлэх байдлыг таслан зогсоох, тулгамдсан асуудлуудыг хамтын гэрээ хэлэлцээрээр өөрчлөлт оруулж шийдвэрлэх, компанийн бүх удирдлагуудад хариуцлага тооцож, мэргэжлийн багаар солих, захиргааны зарим орон тоог цомхотгох, ҮЭ-ийн байгууллагатай хамтран үйл ажиллагааг дэмжиж ажилладаг болгох зэрэг асуудлуудыг шийдэж өгөхийг хүсээд ажилдаа гарлаа. 

Барилгын аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, хяналтын сулаас болж 35 настай залуу цаг бусаар хорвоогоос одов. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр хуучнаар “Нарны титэм” худалдааны суурин дээр баригдаж буй “Макс Өргөө” ХХК-ийн барьж буй оффис, худалдааны зориулалттай барилга дээрээс бэхэлгээний төмөр унаж замын хөдөлгөөнд оролцож явсан хар өнгийн 31-39 УНР улсын дугаартай “Land cruiser” машины таацыг цоолон жолоочийн аминд хүрлээ.  Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Манай улсад ХДХВ батлагдсан 150 тохиолдол бүртгэгдэв.  35 настай энэ  эмэгтэй биеийн байдал нь хэвийн байна. Манай улсын ДОХ-ын халдвар тээгчдийн 80 орчим хувь нь эрэгтэй, үлдсэн хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд 19 хүн энэ өвчний улмаас нас бараад байгааг холбогдох газраас мэдээллээ. Вакциний харшилаас улбаалан өвчилж амь насаа алдахад хүрээд байсан 10 настай Н.Энхбилэг охины гадаад руу явах эмчилгээний зардал шийдэгдэв. Баянхонгор аймгаас УИХ-д нэр дэвшин сонгогдсон гишүүд бяцхан охинд энэрлийн гараа сунгалаа.

УИХ дахь МАН-ын бүлэг цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүллээ. Харин Пүрэв гарагт ерөнхий сайд Шинэчлэлийн Засгийн газрын зорилтын хүрээнд бүтээн байгуулснаа тайлагнаж, цаашид бүтээн байгуулахаа ажлынхаа талаар мэдэгдэв. Товчилбол  Чингис бонд босгож, бүтээн байгуулалтын ажлуудыг амжилттай эхлүүлсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Монгол банктай хамтарч явуулсан. Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. 51 мянган ажлын байр шинээр бий болсон. 20 мянган иргэн орон сууцтай болсон, барилгын салбар 2 дахин өссөн, эдийн засгийн өсөлт 12 хувьд хүрсэн, мал сүргийн тоо 45 саяд хүрсэн, 4 аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбож, 1800 км зам шинээр барьсан. Эдийн засгийн өсөлт өндөр байгаа ч манай улс нийт хэрэглээнийхээ 88 хувийг импортоор, 12 хувийг өөрсдөө үйлдвэрлэж байна.  45 сая малтай манай улс сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 74, гурил гурилан бүтээгдэхүүнийхээ 41, нэхмэл хувцасны 62 хувийг гаднаас авдаг. Тиймээс Монголдоо бүтээх, үйлдвэрлэх цаг, шаардлага бий болжээ. Энэ зорилтод хүрэхийн тулд 2014 онд нэг их наяд төгрөгөөр экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжинэ. Тиймээс 2014 он Монголдоо бүтээцгээе гэсэн уриатай жил болно. Үйлдвэржилтийг дэмжих хөрөнгө санхүү хэрэгтэй. Нэг их наяд төгрөгөөр үйлдвэрлэлээ дэмжинэ. 270 тэрбум төгрөгийг Чингис бондоос санхүүжүүлж сүү, мах, ноос, ноолуур, оёмол, сүлжмэл, хүлэмжийн үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулсан. 360 тэрбум төгрөг Чингис бондоос хуваарилагдаагүй үлдсэн байгаа. Энэ хөрөнгийг үйлдвэрлэлд зарцуулна. Мөн Японд борлуулсан бондын 450 тэрбум төгрөгийг үйлдвэржилтэд зарцуулахаар төлөвлөсөн. 2014 онд Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбоно. “Гудамж” төслийн хүрээнд нийслэлд 15 уулзварыг шинэчилж, хурдны замын ажлыг эхлүүлнэ. Шинэ төмөр зам, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын ажлыг урагшлуулна. Эрчим хүчний салбарт олон ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн, Амгалангийн дулааны станц, 3 ба 4 цахилгаан станцын өргөтгөлийг энэ онд ашиглалтад оруулна. Аймгийн төвийг хот болгох зорилтод Засгийн газар анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд 150 тэрбум төгрөгийг аймгуудын хөгжилд зарцуулна. Аймаг бүхэнд 1000 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлнэ, 12 аймагт оношилгооны төв байгуулж байгаа, энэ хавар ашиглалтад өгнө. Мөн аймаг бүр жишиг сумтай болно гэлээ. Орон сууцжуулах хөтөлбөр үргэлжилж, 30 мянган айлыг орон сууцтай болгож, өнгөрсөн жилийн амжилтаа нэмэгдүүлнэ гэлээ.Түүнчлэн 40-өөс дээш насныхан ажил эрхлэхэд зориулж 3,2, залуу малчдыг дэмжихэд 3,5 тэрбум төгрөг зарцуулж, хөтөлбөр хэрэгжүүлнэ. 50 мянган ажлын байр шинээр бий болгоно, 24-өөс дээш насны 7 мянган мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ, оюутны цагийн ажил, зуны ажил хөтөлбөр хэрэгжүүлж 10 мянган оюутныг ажилд зуучилна, жижиг аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ын дарамтыг багасгана гэж хэллээ.


Төрийн хүнд суртал, хээл хахууль авлигатай тэмцэх зорилтын хүрээнд нээлттэй, ухаалаг төрийн төлөө ажиллана, зарим ажлыг эхлүүлсэн байгаа.  11 11 төвийг ажиллуулсан нь чухал үүрэг гүйцэтгэж байгаа, энэ төвөө өргөтгөнө. ТҮЦ машины үйлчилгээг нэмэгдүүлнэ, төрийн 30-аад үйлчилгээг гар утас, компьютерээс авах боломжийг бүрдүүлнэ. Эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн жорыг цахим болгоно. Шилэн данс, шилэн тендерийг бий болгоно. Мөнгө, төсөв хөрөнгөө иргэдэд нээлттэй болгоно. Засгийн газраас зарласан үйлдвэржилтийн төслийн шалгаруулалтыг ил тод явуулна.

Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх нь чухал, өнгөрсөн жилээс зарим амжилтууд гарч эхэлсэн. Энэ үзүүлэлтээр манай улс 2012 онд дэлхийд 88 дугаар байрт орж байсан бол өнгөрсөн жил 76 дугаар байрт орсон. Энэ амжилтаа улам нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж, тоон гарын үсэгт шилжих, төрийн өмчийг эзэнжүүлэх, тусгай зөвшөөрлийг цөөрүүлэх, мэргэжлийн хяналтын шинэлчлэл, хөрөнгө оруулалтын шинэ орчин бүрдүүлэхийн төлөө эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлнэ.  Монголын эдийн засгийн өсөлтийг 2 оронтой,  инфляцийг нэг оронтой тоонд хадгална гэдгээ дуулгаж энэ онд 85  цэцэрлэг, 80 сургууль, 26 эмнэлэг барина гэсэн сайхан мэдээгээр сонор мялаав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны анхны зарлигаараа засгийн газарт чиглэл өгсөн. Тус зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарт гардуулан өгсөн. Үүний гол агуулга нь төрийг хэмнэлттэй, үр ашигтай горимд шилжүүлж эдийн засгийн харилцаанд иргэдтэйгээ ижил тэгш оролцох, тэдэнд тулгардаг бэрхшээлийг нэгэн адил үүрэх, улмаар энэ нь төрийн бодлогод нөлөөлдөг байх нөхцөл бололцоог бүрдүүлэхийг, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэг бүхий агентлагуудаас бусад  Засгийн газрын байгууллагуудыг нэг дор төвлөрүүлснээр төр иргэдэд ойр, хүртээмжтэй болгоход оршино. 

 

Нийтэлсэн: Б.Баярт

Энэ 7 хоногт MNB.MN онцлож байна  
Үзсэн: 2981 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй