Шууд Chart

Хүүхдийн төв номын сан “Утгын оньс” танхимтай боллоо

2018-10-04 10:51:24

Хүүхдийн төв номын сан “Утгын оньс” нэртэй үзмэрийн танхимтай боллоо. Байнгын ажиллагаатай музей хэлбэрээр зохион байгуулсан уг танхимд XX, XXI зууны Монголын хүүхдийн шилдэг зохиолчдын бүтээлийн гар бичмэлүүд, ноорог, тэдний товч намтар болон ашиглаж байсан бичгийн хэрэгсэл, тэр дундаа машиныг олонд ил болгожээ. 

Түүнээс гадна уг номын санд хэрэглэж байсан анхны компьютер, пянз тоглуулагч, каталогийн карт бичигч машин зэргийг ч эндээс харах боломжтой. Эдгээр үзмэрүүдийг хоёр жилийн хугацаанд цуглуулсан бөгөөд БСШУСЯ-ны Соёл урлагийн сангаас дэмжиж байгуулжээ. Шинэ танхимын нээлтэд үг хэлсэн тус яамны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн “Хүүхдийн зохиолчид, уншигч багачууд, тэдний эцэг эхэд зориулсан уг танхимыг “Бахархлын танхим” гэж нэрлэхээр болсон байсан ч, нээлт хийхийн өмнөхөн хүүхдийн зохиолчид юм бүхэн утга учиртай байдаг, учир болгон оньсого шиг байдаг учраас “Утгын оньс” гэж нэрлэвэл яасан юм бэ гэсэн санал гаргасныг дэмжиж ийнхүү нэрлэсэн.

Энэ танхимд хүүхдийн зохиолчид номоо хэрхэн бүтээж ирсэнтэй танилцаж болно. Эрдэм шинжилгээний ажил, уулзалт зохион байгуулж байх юмжиллагаа явуулах юм” гэлээ. Уг танхимд байгаа бүтээлүүдийн дийлэнх нь 200 гаруй жилийг туулан өнөөдөр нийтэд ил болж байгаа гэдгээр онцлог аж. 

XX зууны хүүхдийн зохиолчдын ар гэрийнхэн тэдний бүтээлийг нандигнаж ирсэн нь дараа үеийн зохиолчид, шинжээчдэд чухал ач холбогдолтой байгааг хүүхдийн номын сангийнхан онцолж байлаа. Бид бүгд хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн “Норовын намтар” шүлгийг цээжилж өссөн болохоос тэр шүлэг хэрхэн бүтэж байсан талаар төдийлөн мэддэггүй.

Харин энэ танхим бий болсноор номын санд ирсэн багачууд ном уншихаас гадна шилдэг бүтээлүүд хэрхэн төрж байсан талаар мэдэх боломжтой болсон талаар тэд ярьж байв. Ирэх онд дээрх танхимын үйл ажиллагааг өргөжүүлж БСШУСЯ, Хүүхдийн төв номын сан хамтран номоор дамжуулж нийгмийг гэгээрүүлэн соёлжуулж, хэл соёлоороо бахархах, эх оронч үзлийг хүүхдэд төлөвшүүлэх зорилготой аян зохион байгуулахаар болжээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хүүхдийн төв номын сан “Утгын оньс” танхимтай боллоо  
Үзсэн: 652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй