Шууд Chart

Ятгачин заяа

2018-10-10 10:42:06

Ятгачин, Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнийн гавьяат цолны мялаалга цэнгүүн “Зайсан хилл” цогцолбор дахь шинэ танхимд болсон нь яван явсаар Монголын ятгачдад хүндэтгэл үзүүлэх баяр болсон гэлтэй. Нээлтэд нь ятгачинтай хамт Цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид, найрал дуучид, цохивор хөгжимчин Б.Ганхөлөг ахлагчтай “UB drum” хамтлагийн бөмбөрчид болон залуу, дунд үеийн 22 ятгачин хамтран тоглосон нь өмнө байгаагүй шинэлэг хэлбэр, дуугаралт байсан юм. 

Юугаар баян, түүгээр дайлна гэдэг. Шинэхэн гавьяат хөгжимчин, бүжигчин, дуучин нөхдөөр баян. ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, театрынхаа гоцлооч, олон улсын уралдаануудын удаа дараагийн шагналт, тенор Б.Батжаргалын хамт Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын ”Хүний заяа” дууг дуулж үдшийн цэнгүүний салхийг хагалсан юм. Үүнээс хойш тайзнаа оддын цуваа үргэлжилсэн. Саяхан тоглолтоо хийсэн хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат, эвэр бүрээч, хөгжмийн зохиолч О.Чинбат, ҮУИТ-ын “Бие тань болъё” бүжиг үзүүлсэн хос, жааз төгөлдөр хуурч Ариунаа, түүний охин дуучин Оюундарь, Улсын филармонийн гоцлол дуучин Наранбаатар, дуучин Дэлгэрмөрөн гээд өнөө үеийн шилдэг уран бүтээлчид ар араасаа хөвөрч ятгачин найздаа, эгчдээ хүндэтгэл үзүүлэн тоглолтоор бэлэг барьсаар байлаа. 
Ч.Мөнх-Эрдэнэ Хөгжим бүжгийн дунд сургуульд орохоос өмнө нийслэлийн 47 дугаар дунд сургуульд сурч байжээ. Тэнд тавдугаар анги төгстөлөө хамт суралцсан ангийнхан нь өнөө хэр дотно нөхөрлөж явдаг бөгөөд ангийн албан бус дарга нь хошин урлагийн томчуудын нэг Аглуу буюу жүжигчин, Баттулга гавьяат юм байна. Тэрбээр ангийнхаа нөхдийг зохион байгуулан өнөр олуул ирсэн байсан бөгөөд тайзан дээр найздаа хандан үг хэлэхдээ “Би сүүлээ сайн шарвасан болохоор Мөөгий энэ цолонд хүрсэн юм” хэмээн хошигнож хурсан олныг инээлгэж байлаа. 

Цэнгүүнд уригдсан хүн бүр тайзан дээр гарч сэтгэлийн үгээ хэлмээр байсан байх. Гэвч цаг давчуу, хүн олон тул баг багийн төлөөллүүд түргэхэн үг хэлж, ерөөл айлдаж байсан юм. 
Ч.Мөнх-Эрдэнэ гавьяатын хань Д.Ганпүрэвийн авга улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав үг хэлэхдээ “Манай дүү нар гэр бүл, ахан дүүстээ амьдралаараа үлгэр болж байдгийн адил урлагийн салбарт амжилт бүтээлээрээ түүчээ болж явдаг уран бүтээлчдийн эгнээнд багтдагийг хараад бахархаж байна. Төр хөдөлмөр, бүтээлийг нь үнэлж гавьяат цол олгохтой зэрэгцээд уран бүтээлчид улс, үндэстнийхээ урлаг, соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалж, хайрлах үүрэг хүлээдэг. Мөнх-Эрдэнэ дүү цаашид өмнөхөөс илүү сайхан уран бүтээл олныг туурвих байх аа” гэсэн. 

Уран бүтээлч хос хүндэтгэж явдаг соёл урлагийн ахмад зүтгэлтнүүдийг төлөөлж үг хэлэхийг хөгжмийн зохиолч Н.Жанцанноровоос хүссэн байлаа. Тэрбээр “Энэ цэнгүүн бол Монголын орчин цагийн ятга гэдэг хөгжмийг 60 гаруй жил шахам мэргэжлийн болгох гэж зүтгэсэн, хөгжимчнийг, багшийг, хөгжмөө, хөтөлбөрөө сайжруулах гэсэн бидний тэмцлийн үр дүнг харуулж байна. Ч.Мөнх-Эрдэнийн авьяас билгээр ятга хөгжимдөх арга барил, ятгад зориулсан хөгжмийн зохиолчдын бүтээл болон уламжлалт дуу хөгжмийн бүтээлүүдийн найруулга эрс сайжирсан бөгөөд орчин цагийн Монголын хөгжим оюуны бядтай гэдгийг дэлхий харуулах болсон. Тийм учраас энэ олон ятгачин дундаас хөгжимчин гэдэг утгаар анх удаа Мөнх-Эрдэнэд төрөөс гавьяат цол олгожээ хэмээн ойлгодог. Ятга хөгжимчдийн дунд Урлагийн гавьяат зүтгэлтэн хоёр бий. Та бүхний дунд сууж байгаа. Нэг нь анхны ятгачдын нэг, ур чадвараар тухайн үеийнхнээ хошуучилж байсан Б.Наранбаатар, нөгөө нь ятгачин, найрал дууны удирдаач, хөгжмийн зохиолч Д.Алтантуул юм” гэж байлаа.

Гавьяат цолны мялаалга цэнгүүнээ хийсэн Ч.Мөнх-Эрдэнэ ахмад, дунд, болон залуу үеийн ятгачин 30-40 хөгжимчинд сэтгэлийн бэлэг цэцгийн баглаа барих тэр мөч самсаа шархируулам байлаа. Шинэхэн гавьяат “Ахмад ятгачид байснаар өнөөдөр би ятга тоглож сурсан, төрдөө үнэлүүлсэн минь ч та нарын маань гавьяа” гээд түрүү үеийн хөгжимчиддөө мэхийн ёсолсон нь сэтгэл хөдөлгөм байв. 

Одоогоос жил гаруйн өмнө үзэгч олон ятгачин Ч.Мөнх-Эрдэнийн эрүүл мэндийн төлөө сэтгэл нэгтгэн Бөхийн өргөөнд тоглолт үзэхээр хуран цуглахад дуурийн гоцлооч Б.Эрдэнэтуяа гавьяат мөн энэхүү “Хүний заяа” дууг Бөхийн өргөөг “доргитол” дуулж, сонсогчид дуу, дуучин, хөгжмийн зохиолч, хөгжимчдийн сүр хүчинд автан байсан юм. Тоглолтын дараа дуучинд тэр мөч их гоё байсан тухай хэлэхэд “Найз минь нүдэнд харагдаад байлаа. Хосгүй авьяастай, хөгжимчин заяатай сайхан нөхөр минь юм шүү дээ” гээд алаг нүдээ эргэлдүүлэн инээж байсан юм. 

Хүний заяа... Ятгачин заяа

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ятгачин заяа  
Үзсэн: 1715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй