Шууд Chart

Өнөөдөр Бангкок хотод томоохон жагсаал болно

2014-01-13 14:16:40

Тайландын жагсагчид төлөвлөсөн ёсоороо өнөөдөр Бангкок хот даяар эсэргүүцлийн томоохон жагсаал зохион байгуулахаар зэхэж байна. Хотын 20 гаруй гудамж талбайд зохион байгуулагдах жагсаалын зорилго нь ерөнхий сайд Йинглак Чинаватраг огцруулж, ирэх сарын 2-нд болох парламентын сонгуулийг хойшлуулах явдал юм.
 
Тайландын Засгийн газрын гол сөрөг хүчин болсон Ардчилсан намынхнаар тэргүүлүүлсэн жагсагчид дээрх зорилгын төлөө өнгөрсөн оны 11 сараас хойш өөрсдийн дуу хоолойгоо тэмцлийн янз бүрийн хэлбэрээр илэрхийлсээр байгаа билээ. Тэд энэ удаад Бангкок хот даяар өргөн хүрээний жагсаал зохион байгуулахаар зэхэж байна. Зарим газруудад өчигдөр оройноос эхлэн эсэргүүцлийн жагсаал эхэлсэн бөгөөд хотын гол гэсэн 7 замын уулзварыг хааж, засгийн газрын ордон, зочид буудал, их дэлгүүрүүд төвлөрсөн 20 гаруй гудамж талбайд жагсана гэдгээ мэдэгдсэн юм. Бангкок дахь Японы элчин сайдын яамнаас тэнд оршин суугаа иргэдээ жагсаал болох газруудаар зорчихгүй байхыг сануулжээ. Учир нь жагсагчид тайван замаар эсэргүүцлээ илэрхийлнэ гэж байгаа ч өнгөрсөн туршлагаас харвал үймээн самуун дэгдэх магадлал өндөр юм. Иймд өнөөдөр хотын 200 гаруй их сургууль, ахлах сургууль үүдээ барьж магадгүй байна. Тайландын засгийн газраас өнөөдрийн жагсаалтай холбогдуулан 20,000 гаруй хөдөлгөөнт эргүүлийг гудамж талбайд гаргажээ.
 
Бангладешийн Засгийн газар сөрөг хүчний эсэргүүцэл тэмцэлтэй нүүр тулсан ч эцэст нь тангараг өргөж, албан ёсоор эрх үүргээ хүлээн авлаа. Ерөнхий сайд Шейх Хасни 2 дахь удаагаа засгийн газрыг тэргүүлэхээр болж, өчигдөр тангараг өргөлөө. 1-р сарын 5-нд Бангладешт бүх нийтийн сонгууль явагдсан ч иргэд сонгуульд идэвхитэй оролцоогүй байна. Дээрх сонгуулиар эрх баригч Авами лиг ялалт байгуулж, засгийн газрын 80 гаруй хувийг бүрдүүлэх болсныг гол сөрөг хүчин болсон Үндэстний нам болон бусад 17 улс төрийн хүчин эсэргүүцэж, сонгуулийн өдрөөс хойш сонгуулийн байрыг галдан шатааж, ажил хаялт зарлах зэргээр улс орон даяар үймээн дэгдээж, 10 гаруй хүний амь насанд хүрсэн байна. Сөрөг хүчнийхэн энэ удаагийн сонгуулийг шударга бус болсон гэж үзэн, өчигдөр тангараг өргөсөн засгийн газрыг ч хууль ёсны бус гэж үзэж байгаагаа илэрхийлсээр байна. Шейх Хаснигийн засгийн газар дотоодын эсэргүүцэл тэмцлээс гадны гадны улс орнуудын шаардлагатай ч нүүр тулсан байна. Тухайлбал, АНУ Бангладешийн сонгуулийг үнэн шударга болсон эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өнөөдөр Бангкок хотод томоохон жагсаал болно   
Үзсэн: 835 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй