Шууд Chart

Хүлээлт үүсгэсэн ”Нинжин сэтгэл” нээлтээ хийлээ

2018-10-15 09:01:28

“Хас фильм” студи, “Blue Dragon” ХХК-ийн хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино өнгөрсөн баасан гарагт “Өргөө Лазер синема”-д нээлтээ хийлээ.
“Сүүлчийн бүжиг”, “Аюултай харилцаа”, “Галзуу зугаалга”, “Ядуугийн зовлон-2” зэрэг уран бүтээлээрээ олонд танигдсан найруулагч, зохиолч Ц.Хүсэлбаатар уг киноны зохиолыг бичиж, найруулсан бол продюсераар “Blue Dragon” ХХК-ийн захирал Б.Батжаргал, Ш.Энхжаргал нар ажилласан байна.
Энэхүү киноны гол дүрд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүү, Г.Отгонцэцэг, Б.Одончимэг, туслах дүрүүдэд Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, Г.Золбоот, залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг, Х.Баярмаа, Г.Ганбат нар тогложээ.
Харин киноны дууг Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа, дуучин Б.Маралжингоотой хамтран дуулсан юм.
Нээлтийн үеэр “Хас энтертайнмент” студийн захирал, найруулагч, зохиолч Ц.Хүсэлбаатар “Манай киноны баг хамт олон нийгэм, хүний сэтгэл рүү хандаж киногоо бүтээлээ. Монголчууд минь бие биендээ хайртай байгаасай, нэгнийгээ хайрлаж байгаасай гэсэн үндсэнд зохиолоо бичсэн. Киноныхоо зохиолыг хоёр жил гаруй хугацаанд бичиж дуусаж өнөөдөр ийнхүү үзэгчдийн хүртээл болгож байна” гэлээ.
Зулаагийн дүрд тоглосон залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг

“Зулаа гэдэг айлын ганц эрх танхил, цайлган сэтгэлтэй, амьдрал үзээгүй 20 настай охины дүрд тоглолоо. Нандин гэдэг залуугийн найз охин болоод хэвлийдээ хайрынхаа үрийг тээж байгаа охины дүр байгаа. Дүрийнхээ тухай дэлгэрэнгүй ярих гэхээр киногоо ярих гээд байна. Тийм учраас үзэгчид минь “Нинжин сэтгэл” киног маань ирж үзээд үнэлэлт дүгнэлтээ өгөөсэй гэж хүсч байна” гэв.
Кино дууссаны дараа “Нинжин сэтгэл” уран сайхны киноны нээлтэд уригдсан Б.Сарантуяа, Д. Бямбацогт нарын сэтгэгдлийг нь сонссон юм.


Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа “Миний хамгийн их хүндэлж явдаг хос жүжигчин С. Өлзийхүү, найруулагч Ц. Хүсэлбаатар хоёрын маань “Хас энтертайнмент”-ийн бүтээл “Нинжин сэтгэл” кино үнэхээр гайхалтай, сургамжтай бүтээл болжээ. Хүний сэтгэл дотор маш их зүйл өгүүлэхээр болсон байна. Мөн залуу хосуудыг заавал ирж энэхүү киног ирж үзээсэй гэж уриалж байна”гэж хэллээ.
Харин Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Бямбацогт

“Үзэгчдэд хандаж хэлэхэд түгжрэл, утаанаас болж хүмүүс асар их бухимдаж байна. Энэхүү бухимдлаас салах нууц арга кинонд харагдлаа. Мөн бид стресс, үзэн ядалт, өшөө хорсолгүйгээр амьдарч болох юм байна гэдгийг “Нинжин сэтгэл” кино харуулж чадлаа” гэсэн юм.

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хүлээлт үүсгэсэн ”Нинжин сэтгэл” нээлтээ хийлээ  
Үзсэн: 984 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй