![](/uploads/201401/news/thumb/f7ec0ff4a5d40858db55040706d8a9ab_x3.jpg)
2013 оны 10 сард Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр 7 настай Н.Энхбилэг нь эмч нарын буруугаас болж вакцинд хордсон тухай мэдээлэл гарсан бөгөөд гомдол мэдээлэлд дурьдагдсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэм ахлах сургуулийн 2 ангийн сурагч Н.Энхбилэг нь 2013 оны 10 сарын 08 ны өдөр сургууль дээрээ 7-15 насны хүүхдэд хийх сахуу, татрангаас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсний маргаашнаас эхлэн биеийн байдал нь муудаж улмаар эмчилгээ хийгдэх явцдаа гарын 2 хуруугаа тайруулсан гэх үйлдэлд тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч х/ч Г.Батаа 2014 оны 01 сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн 201405000004 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Шалгалтын явцад Халдварт өвчин судлалын төвийн их эмч С.Ананд, Д.Алтанзул нарын урьдчилсан тандалт, газар дээр нь ажиллаж гаргасан дүгнэлт зэргээс Н.Энхбилэг болон Эрдэм ахлах сургуулийн сурагчдад хийсэн Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн BN021L3001A серийн дугаартай СТ-2 гэсэн вакцины чанар, түүний хадгалалт хамгаалалаас болж Н.Энхбилэгийн бие муудаагүй харин дархлаажуулалттай давхцаж илэрсэн бие даасан өвчин буюу “Синдром Стевенса Джонсона” гэсэн өвчний оношийг урьдчилсан байдлаар гаргасан байна.
Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар “вакцин тарих үеэр сурагчдад үзлэг оношлогоо хийх байсан Оточ номгон өрхийн эмнэлгийн их эмч Н.Дэжидмаа нь Эрдэм ахлах сургуулийн сурагчдад вакцин хийх үеэр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үзлэг хийгээгүй, 2013 оны 10 сарын 14 өдөр Н.Энхбилэгийг вакцинаас харшилсан байдал, өвчний зовиуртай ээжийн хамт ирж үзүүлэх үеэр зохих эмчилгээ, оношилгоог зөв тавиагүй, холбогдох Эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, тус эмнэлгийн сувилагч Э.Даваа Эрдэм ахлах сургуулийн эмч Н.Дуламсүрэн нар нь сурагчдад вакцин хийх үеэр бүх сурагчдыг үзлэгт хамруулаагүй тарилга хийхийн өмнө нэг удаагийн зүү тариур хэрэглэсэн эсэх, вакцинийг зохих ёсоор хадгалж хэрэглэсэн эсэх, хэрэглэсэн зүү тариур вакцины шил шошгийг зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр устгасан … зэрэг үйлдэлд нь эрүүгийн хуулийн 106 зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ажээ.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэгт шинжээч томилж “нэр бүхий эмч, эмнэлгийн байгууллагын ажилтанууд эмчилгээ үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн эсэх, холбогдох вакцин, тариур зэргийн чанар стандарт, хадгалалт хамгаалалт, хэрэглэсэн байдал зөв эсэх Н.Энхбилэгийн өвчний шалтгаан нөхцөл эх сурвалж юу болох, урьд суурь өвчтэй байсан эсэх вакцинаас болж өвчилсөн эсэх, 2 хуруугаа тайруулсан болон биед гарсан бусад өвчлөл нь гэмтлийн зэрэгт хамаарах эсэх зэрэг асуудлыг шалгаж тогтоох зорилгоор Баянхонгор аймгийн прокурорын газраас прокурорын даалгавар бичиж хяналт тавин ажиллаж байна.
Эмнэлгийн ажилтнуудын буруутай үйл ажиллагаанд хэрэг үүсгэн шалгаж байна | ||
Үзсэн: 1215 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.