Шууд Chart

Говь-Алтай аймгийн хувьд гэмт хэргийн 37.9 хувь нь согтуугаар үйлдэгджээ

2018-10-19 12:53:00

Говь-Алтай аймгийн хувьд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 37.9 хувь нь согтуугаар үйлдэгджээ.

Тус аймгийн цагдаагийн газраас төрийн болон төрийн бус байгууллага иргэдийг оролцуулан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг сүүлийн дөрвөн жилийн статистик үзүүлэлтээр нийт гэмт хэргийн 30 шахам хувийг эзэлж байгаа бөгөөд гаралтын хувьд өссөн дүнтэй байгаа юм.

Хэлэлцүүлгээр энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх, гаралтыг бууруулахад аймаг, сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэн, шинэ санал, санаачлагыг нэвтрүүлж, хуулийн хэрэгжилтийг хангах зорилготой гэдгийг тодотгож байлаа.

Хэлэлцүүлэгт хууль сахиулах байгууллага, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг аж ахуйн нэгжийн 300 гаруй төлөөлөл оролцож байна. Аймгийн цагдаагийн байгууллагаас  Говь-Алтай аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарч байгаагаа илэрхийлсэн.

Нөгөөтэйгүүр хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд дан ганц цагдаагийн байгууллагын үүрэг биш, хэлэлцүүлэгт оролцож байгаа байгууллагууд болон иргэн бүрийн үүрэг оролцоо чухал байна гэдгийг онцолж байлаа.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 40 орчим хувь нь гэр орон сууц, ахуйн хүрээнд, 30 хувь нь гудамж талбайд үйлдэгдэж, гэмт хэрэгт холбогдсон хүний 37.3 хувь нь согтуугаар үйлдэж байгаа нь анхаарал татах асуудал болоод байгааг тодотгож байсан.

Цаашид гэмт хэргийн тоон үзүүлэлт шалтгаан нөхцөлд нөлөөлж байгаа хүчин зүйл тэдгээрийн цаашдын чиг хандлагыг нийгэм цаг үеийн нөхцөл байдалтай харьцуулах шинжлэх ухааны үндэслэлтэй судалж гэмт хэрэгтэй тэмцэх замыг тодорхойлохыг мэргэжлийн байгууллагын зүгээс чухалчилна хэмээлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Говь-Алтай аймгийн хувьд гэмт хэргийн 37.9 хувь нь согтуугаар үйлдэгджээ  
Үзсэн: 557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй