
Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан “Урлагийн хот Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг өнөөдрөөс үзэгчдэд хүрнэ. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.
“Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр “Урлагийн хот Улаанбаатар” төслийн хүрээнд хүүхдийн шилдэг жүжгийн зохиолоор шалгарсан “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг тавихаар болоод байна. Жүжгийг хүүхэд багачуудад хүргэхдээ Монгол Улсын Хүүхэлдэйн театр, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж байна” хэмээн Монголын хүүхэлдэйн театрын захирлын үүрэг гүйцэтгэгч М.Отгончимэг ярилаа.
“Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийн найруулагчаар М.Ариунтуяа, зураачаар Б.Бямбацэрэн, хөгжмийн зохиолчоор В.Баттулга, бүжиг дэглээчээр Х.Хашхүү нар ажиллаж байна.
Мөн тус жүжгийн найруулгад дэвшилтэт технологи болох холограмм технологийг ашиглаж байгаа бөгөөд театрын дуу авианы найруулагч Э.Базарханд холограмм технологийн угсралтыг хийсэн байна.
Мэргэжлийн урлагийн байгууллагуудаас анх удаа холограмм технологийг уран бүтээлдээ ашиглаж байгаа тохиолдол нь Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” жүжиг юм. Тус жүжгийг Нийслэлийн есөн дүүргийн 20 мянган гаруй хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзүүлэхээр бэлдээд байгаа ажээ.
“Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг өнөөдрөөс үзэгчдэд хүрнэ | ||
Үзсэн: 1408 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.