Шууд Chart

Д.Цогтбаатар сайд Мюнхений аюулгүй байдлын бага хурлын Үндсэн бүлгийн уулзалтад оролцож байна

2018-11-01 10:29:17

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар аравдугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 2-ны хооронд Беларусь Улсын Минск хотноо зохиогдож буй Мюнхений аюулгүй байдлын бага хурлын Үндсэн бүлгийн 12 дахь удаагийн уулзалтанд оролцож байна.

ХБНГУ-ын Мюнхен хотод 1963 оноос жил бүр зохион байгуулагдаж буй тус бага хурал нь олон улсын аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлыг хэлэлцдэг гол механизмуудын нэг юм. Тус бага хурлын зэрэгцээ 2009 оноос жил бүр тодорхой бүс нутгийг хамарсан асуудлаар Үндсэн бүлгийн уулзалтыг зохион байгуулж байна.

Энэ удаагийн уулзалтанд гадаад улсын 100 гаруй төлөөлөгчид оролцож, өрнө дорнын орнуудын харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх асуудлын хүрээнд хэд хэдэн сэдвээр хэлэлцүүлэг явуулж, харилцан санал солилцож байна.

Уулзалтын эхний өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Үндэстэн дамнасан аюулгүй байдал” сэдэвт дугуй ширээний уулзалт болон “Өрнө дорнын харилцаа” сэдэвт хэлэлцүүлэгт тус тус оролцож, байр сууриа илэрхийлэв.

Үндсэн бүлгийн уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Мюнхений аюулгүй байдлын бага хурлын дарга, Элчин сайд В.Ишингэртэй уулзаж, бага хурлын ач холбогдлын талаар ярилцахын зэрэгцээ цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Канад Улсын Сенатор, Гадаад бодлого, олон улсын худалдааны асуудал хариуцсан Байнгын хорооны тэргүүн, хатагтай Р.Андрэйчуктай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

Мюнхений аюулгүй байдлын бага хурлын Үндсэн бүлгийн уулзалт хоёр өдөр үргэлжилнэ. 


Д.Цогтбаатар сайд Мюнхений аюулгүй байдлын бага хурлын Үндсэн бүлгийн уулзалтад оролцож байна   
Үзсэн: 692 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй