Гурван жилийн турш иргэний дайн самуунтай байгаа Сирийн иргэдийн тэн хагас буюу есөн сая гаруй хүнд хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байна. Иймд НҮБ-ын гишүүн улс орнуудыг тус улсын дүрвэгчидэд зориулж 6,5 тэрбум ам.долларын хандивын сан бүрдүүлэхийг уриалсан ч одоогийн байдлаар нийтдээ 2,4 тэрбум ам.долларын хандив цугларахаар байна.
НҮБ-ын хандивлагч, гишүүн улс орнуудын бага хурал өчигдөр Кувейтэд болж өнгөрлөө. Энэ үеэр дэлхийн ядуу буурай, дайн самуунтай байгаа улс орнуудад туслах хандивыг нэмэгдүүлэх тухай асуудлыг хэлэлцсэнээс Сирийн тухай асуудал анхаарлын төвд байлаа.
Учир нь сүүлийн гурван жилийн турш үргэлжилсэн иргэний дайны хөлд олон сая иргэд зовж зүдрэн амьдарч байгаа учир тэдэнд туслах хандивын хэмжээг нэмэгдүүлж, урьд өмнөх жилүүдийнхээ хамгийн их буюу 6,5 тэрбум ам.долларыг дан ганц хүмүүнлэгийн салбарын хандивын санд цуглуулах шаардлагатай байгааг НҮБ-аас мэдэгдсэн юм. Тус байгууллагын судалгаагаар 6,5 сая хүн Сирийн иргэний дайнаас даажин, тус улсаас дүрвэн гарснаас 2,3 сая нь дүрвэгчдийн хуаранд амьдарч байна. Мөн 2011 онд эхэлсэн Сирийн хямралаас хойш 100,000 орчим хүн амь насаа алджээ.
2014 онд Сирийн эдгээр иргэдэд туслахад шаардлагатай байгаа 6,5 тэрбум ам.долларын 2,4 тэрбум нь хандивын санд цугларах хандлагатай болоод байна. Энэхүү санд Кувейт улс 500 сая, Саудын Араб 250 сая, АНУ 380 сая, Европын холбооны улс орнууд 753 сая ам.долларыг тус тус хандивлана гэдгээ амлажээ.
| Сирид хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байна | ||
| Үзсэн: 737 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.