
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Их эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархал”-ын өдөрт зориулан уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” Монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд өнөөдөр болно. Мөн сурагчдын бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд 14:00 цагт болох аж.
2011 оноос уламжлал болгон зохиож буй тус Монгол уран бичлэгийн үзэсгэлэнг энэ жил олон улсын уран бүтээлчдийн бүтээлээр Монголын Уран зургийн галерейд, сурагч багачуудын бүтээлээр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд дэлгэх гэнэ.
Үзэсгэлэн энэ сарын 9 хүртэл үнэ төлбөргүйгээр гарах юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Их эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархал”-ын өдрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны тавдугаар сарын 3-ны өдрийн “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлигийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимд ирэх арванэгдүгээр сарын 7-нд 11:00 цагаас зохион байгуулна.
Хэлэлцүүлгээр, Монгол бичгийн цахим кодыг хэрэглэх үндэсний стандартын асуудал, Монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийн төсөл, Монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэх юм.
“Мөнх тэнгэрийн бичиг-2018” Монгол уран бичлэгийн үзэсгэлэн өнөөдөр нээгдэнэ | ||
Үзсэн: 1209 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.