Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2014-01-18 08:00:00

I сарын III дахь хоногт улс оронд болж өнгөрсөн үйл явдлын тойм мэдээллийг хүргэж байна.  Монгол Улсын ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны  22 жилийн ой тохиов.  1 дүгээр сарын 13 буюу  Үндсэн хууль батлагдсан   түүхэн өдөрт зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.  Шинэ Үндсэн хуулийн уг эхийг төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр залж, “Төрийн бэлгэдэл” үзэсгэлэнг дэлгэж Үндсэн хуулийн хэвлэмэл эхүүд, Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үеийн түүхэн баримтууд, иргэд уран бүтээлчдээс  ирүүлж байсан төрийн сүлдний загваруудыг дэлгэв.  Ерөнхий сайд, УИХ-ын дарга бусад хүмүүсийн хамт Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

СБД-ийн I хороо “Аляск” ХХК-ийн барилгын цахилгаан шатны хонгилд "Мон Хорус”  ХХК-нд цахилгаанчин 22 настай эрэгтэй Т  цахилгаан шатны хонгилд унаж нас барсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарлаа. Хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.  Уг барилгыг хамтран гүйцэтгэж байгаа "Цаст" констракшн болон "Монхорус" компанийн зүгээс гаргасан хамтын мэдэгдэлд “Дээрх хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бөгөөд бодит үнэнийг цаг алдалгүй тогтооно гэдэгт итгэж байна. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд өөрсдийн зүгээс шалтгаалах бүх зүйлээр туслан, хамтран ажиллахаа албан ёсоор мэдэгдье” хэмээснийг онцлов.

Монгол инженерүүдийн ур ухаан эх орондоо автомашин үйлдвэрлэх цаг ирснийг харуулж  “Номин холдинг” ХХК  “Eco Bus” автобусны үйлдвэрээ нээж, эх орондоо угсарсан J800 автобусыг туршилтын журмаар замын хөдөлгөөнд оруулав.  Монгол хүний онцлогт тааруулж хийсэн автобус анх удаа замын хөдөлгөөнд оролцож, нийтийн тээвэрт ашиглах бүрэн боломжтой гэдгээ харуулсан нь үндэсний үйлдвэрлэгчдийн үсрэнгүй хөгжлийн эхлэлийг тавьж чадсан юм.  Үйлдвэрийн нээлтэд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож автобус үйлдвэрлэгчдэд, инженерүүддээ амжилт хүсэв.

Ерөнхий сайдын ивээл дор хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Цагаан сарын бэлэг” үзэсгэлэн худалдаа  “Мишээл экспо”, “Дүнжингарав” төвүүдэд нээлтээ хийлээ. 14 хоногийн хугацаатай үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд 700 орчим аж ахуйн нэгж, иргэд оролцож ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, модон эдлэл, гоо сайхан, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн худалдаалж байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг үзэсгэлэн худалдааг нээж “Засгийн газар үйлдвэрлэгчдээ дэмжиж ийм үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, худалдааны төвийн түрээсийн төлбөрөөс хуваалцаж байгаа. Иймд бараа бүтээгдэхүүнээ хямдруулж худалдаарай, битгий үнэрхээрэй” гэж үйлдвэрлэгчдэд зөвлөснийг онцлов.

Энэ долоо хоногт Нийслэлийн цагдаагийн газраас сэрэмжлүүлэг өгөв. Сэрэмжлүүлэгт “Иргэн та идээ, будаа, ууц, банш, бууз бусад эд зүйл, өмч хөрөнгөө урт гартнуудын саварт алдахаас сэргийлэх шаардлагатай байна. Өмнөх жилүүдийн  цагаан сарын баярын өдрүүдэд ууц, бууз, идээ будаагаа хулгайд алдаж голдоо ортол гомдсон буурай олон бий, харин далан насыг наслахдаа идээ будаагаа алдаж үзээгүй гэж итгэлтэй хэлээд зогсох хөгшид ч байна. Бид анхаарал сонор сэрэмжтэй байхад хулгайчид гишгэх газар байхгүй,  бид л анхаарал сул,  хэнэггүйгээсээ болж хулгайчид боломж олгосоор байгааг анхаарцгаая” гэсэн байна.

Цагаан сарын баяр ойртож буйтай холбогдуулан замын ачааллыг бууруулах, их цэвэрлэгээ хийх зэрэг хэд хэдэн ажлыг санаачлан эхлүүлээд байна. Тухайлбал баярын өмнөх 2 долоо хоногийн амралтын өдрүүдэд машинууд улсын дугаарын тэгш, сондгой тоогоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийлээ.  Идэр есийн хүйтэнд ажил хаяж иргэдийг сандаргаад авсан  “Автобус 1” компанийн захиргаанд үүссэн асуудлыг шийдэв.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос  ажилчдын хөдөлмөрийн норм, нормативыг үндэслэлтэй тогтоох,  цалин хөлс зөв бодох, хууль бус суутгал хийхгүй байх,  түлшний өр төлүүлэхгүй байх,  даатгалын хохирол барагдуулах, даатгалын хууль зөрчиж цалингаас илүү мөнгө суутгасныг буцаан олгох, хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах  зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өглөө.
МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы хуралдаанаар шинэчлэлийн Засгийн газрын 2013 оны үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгөв. 

Нийтэлсэн: Б.Баярт

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна  
Үзсэн: 2463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй