Шууд Chart

"Үндэсний спортын V их наадам" болно

2014-01-20 10:28:10

Өнгөрсөн Бямба гарагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Үндэсний спортын V их наадам"-ыг орон даяар зохион байгуулахаар шийдвэр гаргажээ. Их наадмыг үндэсний спортын төрлүүдээр орон даяар хоёр үе шаттай явуулах ба эхний шатны тэмцээнийг аймаг, нийслэл, дүүргүүд оны эхний хагас жилд багтаан зохион байгуулахаар болжээ.  Их наадмын үндсэн төрөлд багтсан спортын төрлүүдээр улсын хэмжээнд шигшээ тэмцээн зохион байгуулж, медаль хүртсэн тамирчдыг "Үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээ, түүнийг олгох журам"-ын дагуу мөнгөн шагналаар шагнана. Их наадмын шигшээ тэмцээнийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны төсвийн багцаас, I шатны тэмцээний зардлыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын төсвийн багцаас санхүүжүүлэх бөгөөд 2014 оны 3 дугаар улиралд багтаан дуусгахаар төлөвлөжээ.

Наадмын үндсэн төрөлд үндэсний их баяр наадмын хөтөлбөрт ордог спортуудаас гадна монгол хүний эр зориг, авхаалж самбааг гайхуулсан, хувь тамирчны ур чадвар шаардсан, хөдөө орон нутаг, нийслэлийн иргэдийг тэгш хамруулах боломжтой тэмцээнүүд сонгож оруулжээ: Үүнд
1.Үндэсний бөхийн барилдаан
2.Хурдан морины уралдаан
3.Үндэсний сурын харваа (халх, урианхай, буриад, уламжлалт харваа)
4.Шагайн харваа, ширээний шагай
5.Морин спорт (эмнэг булгиулагч, уран уургач, бугуйлч)
6.Тэмээн поло

Тэмээн полоны шигшээ тэмцээнийг 9 дүгээр сард эмнэг булгиулагч, уран уургач, бугуйлчдын тэмцээнтэй хамтатган зохион байгуулах ба хөх ишиг, шагайн харваа, шагай няслах, ширээний шагай, панжиг, хорол, эвэр бухгэх мэт ястны ёс заншил, соёл уламжлалыг агуулсан тоглоом, наадгайн төрлүүдээр аймаг, сум, дүүргүүд орон нутагтаа тэмцээн зохион байгуулж болох ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

"Үндэсний спортын V их наадам" болно  
Үзсэн: 1873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй