Шууд Chart

Дархлаажуулалтын зөвлөх хороо хуралдлаа

2018-11-21 16:34:18

Монгол Улсын Дархлаажуулалтын Зөвлөх Хороо ээлжит хурлаа 11 сарын 20-ны өдөр хийлээ.
Зөвлөх хорооны хурлаар халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакциныг тарих тов, халдварт саагийн эсрэг уудаг вакцины эхний тунг дархлаажуулалтын товлолоос хасах үндэслэл, Монгол улс дахь умайн хүзүүний өмөнгийн өвчлөл, эндэгдлийн одоогийн төлөв байдал, чиг хандлага болон “Залуу эмэгтэйчүүдийн дундах хүний папиломын вирусийн халдварын тархалт болон эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа”-ны дүнг хэлэлцэн, шинжээчийн дүгнэлтэд үндэслэн зөвлөмж гаргалаа.



 Халдварт саа өвчин нь дэлхий нийтэд устаж байгаа бөгөөд 2018 оны байдлаар зэрлэг омгийн вирусээр үүсгэгдсэн өвчлөл Пакистан, Афганистан улсад бүртгэгдэж байгаа юм. Уг өвчнийг дэлхий нийтэд устгах зорилтын хүрээнд халдварт саагийн эсрэг уудаг вакциныг хэрэглээг багасган, улмаар идэвхгүйжүүлсэн тарьдаг вакцинаар солих арга хэмжээг бүх улс орнууд хэрэгжүүлнэ.
Уг хурлаар саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакциныг 2019 онд хэрэглээнд нэвтрүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг зөвлөмж болголоо.
Монгол Улс дэлхийн хэмжээнд умайн хүзүүний өмөнгийн өвчлөл өндөр улс орны тоонд ордог бөгөөд жилд дунджаар 400 гаруй эмэгтэй шинээр өвчилж, 140 гаруй эмэгтэй нас бардаг, эмэгтэйчүүдэд тохиолддог хавдрын 2 дугаарт, нийт хавдрын дунд эзлэх шинэ тохиолдлоор 3 дугаарт, нас баралтаар 5 дугаарт эрэмбэлэгдэж байна. Хүний папиломын вирусийн халдвар нь уг хавдрын 75%-ийн шалтгаан болж байгаа, уг халдвараас вакцинаар сэргийлж болохыг эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг.



Хүний папиломын вирусын эсрэг вакциныг 2012 онд хийлгэсэн нийслэлийн Багануур, Баянгол дүүрэг, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн залуу эмэгтэйчүүдийн дунд уг вирусийн 16, 18 дахь хэвшинжийг тодорхойлоход хяналтын бүлэгтэй харьцуулахад вирусийн халдвар тээгчийн эзлэх хувь бага байсан нь уг вакцинжуулалт үр дүнтэй байгаагийн нотолгоо болж байна. Иймд хүний папиломын вирусийн эсрэг вакциныг нэвтрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, шаардагдах эдийн засгийн судалгааг эхлүүлэх, явцыг зөвлөх хороонд танилцуулахыг Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд зөвлөмж болголоо.
         

 Энэ хороо нь дархлаажуулалтын чиглэлээр шинжлэх ухаанч, нотолгоонд тулгуурлсан мэргэжлийн болон арга зүйн зөвлөмж өгөх,  шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм. 
 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Дархлаажуулалтын зөвлөх хороо хуралдлаа  
Үзсэн: 907 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй