
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзэж 01 дүгээр дүгнэлт гаргаж, хуулийн энэхүү заалтыг түдгэлзүүлсэн байна.
Байнгын хорооны хуралдаан дээр уг асуудлын талаар санал бодлоо илэрхийлсэн гишүүдийн олонх нь цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байв. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн тул энэ тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов. Мөн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан байнгын хорооноос Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсгийн “хохирогчийн өмгөөлөгч” гэснийг “хохирогч өөрөө болон тэдгээрийн өмгөөлөгч” гэж өөрчлөх хуулийн төсөл санаачилсныг байнгын хорооны гишүүд дэмжлээ.
/ЭБШХ. 342.1: “Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.”/
ЭБШХ-д өөрчлөлт орууллаа | ||
Үзсэн: 1067 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.