Шууд Chart

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Конотой уулзав

2018-12-14 16:59:36

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын бүрэлдэхүүнд багтан ажиллаж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно-той хоёр талын уулзалт хийв. Уулзалтын эхэнд хоёр улсын Гадаад хэргийн сайд нар хэвлэлд товч мэдээлэл хийв.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон Улсад хийж буй айлчлалыг зохион байгуулахад Японы Гадаад хэргийн яам ихээхэн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд эрх чөлөө, ардчилал, эрх зүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйл бүхий хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг хоёр талын төдийгүй олон улс, бүс нутгийн түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Сайд Т.Коно-той нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Сайд Т.Коно “Энэ оны 2 дугаар сард Монгол Улсын Гадаад хэргийн сайд Япон Улсад айлчилж, энэ үеэр хоёр талын ярилцсан асуудлууд эдүгээ амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байна” гэв. Мөн энэ онд Японд учирсан байгалийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас эмгэнэл илэрхийлж, хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтэд үргэлжлүүлэн анхаарч ажиллахаа нотлов.

Талууд цаашид Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр, Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж ажиллахаар тохиролцов.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Конотой уулзав   
Үзсэн: 1015 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй