Шууд Chart

Улсын сайн малчид шагналаа гардлаа

2014-01-24 11:26:51

Өнөөдөр үдээс өмнө УИХ-ын дарга З.Энхболд улсын сайн малчин, тариаланч, улсын тэргүүний малчдын бүлэг, фермер хамт олноор шалгарсан хүмүүстэй уулзалт зохион байгуулж, нийт 77 иргэнийг шагнаж урамшууллаа. Тус арга хэмжээнд УИХ-ын зарим гишүүд, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан нар оролцсон юм. Өмнөх жилүүдэд үдэж буй жилийнхээ ажлыг сар шинийн баярын өмнөхөн дүгнэж, улсын сайн малчин, тариаланчийг тодруулан шагналыг орон нутагт нь очиж гардуулдаг байсан. Харин өнгөрсөн жилээс хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэгчдийг Улаанбаатар хотод урьж шагналыг гардуулдаг болсон билээ. Баярын хурлын үеэр  УИХ-ын дарга З.Энхболд тэргүүлэгчдэд хандан малынхаа тоо толгойг өсгөж, тариалан эрхлэлтээрээ нутагтаа тэргүүлсэн малчин, тариаланчдад баяр хүргээд мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг орон нутагт амжилттай хөгжүүлж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах зэрэг төрийн бодлогыг хэрэгжүүлж үр дүн гаргаж байгаа ажилд нь улам их амжилт хүссэн юм.

Түүнчлэн хамгийн олон малтай малчнаар 3871 толгой мал тоолуулсан Архангай аймгийн Их тамир сумын малчин Ч.Батзориг, хамгийн олон тэмээтэй малчнаар 477 толгой тэмээ тоолуулсан Өвөрхангай аймгийн Богд сумын малчин Ж.Огтоно, хамгийн олон адуутай малчнаар 502 толгой адуу тоолуулсан Завхан аймгийн Нөмрөг сумын малчин Д.Энхтайван, хамгийн их үхэртэй малчнаар 1008 толгой үхэр тоолуулсан Архангай аймгийн Хотонт сумын малчин Д.Жагар, хамгийн олон хоньтой малчнаар 2559 толгой хонь тоолуулсан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын малчин С.Анден, хамгийн олон ямаатай малчнаар 911 толгой ямаа тоолуулсан Сүхбаатар аймгийн Уулбаян сумын малчин Д.Баярсайхан нар шалгарсан болохыг онцлон тэмдэглэлээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Улсын сайн малчид шагналаа гардлаа  
Үзсэн: 1811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй