
Спортын салбарт энэ онд тохиосон онцлох 10 үйл явдлыг уншигч танаа эргэн сануулья.
М.Даваажаргал сүмогийн түүхэнд дээд амжилт тогтоолоо
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал сүмо бөхийн түүхэнд гурван дээд амжилтын эзэн болж чадсан билээ.
Тодруулбал дээд зиндаанд 1000 даваа, аки буюу есдүгээр сарын башёд долоо дахь түрүүгээ авсанаар 41 буюу хамгийн олон түрүүлсэн сүмоч болов. Мөн 11 жилд тасралтгүй түрүүлсэн буюу жилд зургаан башёны аль нэгэнд түрүүлсэн амжилтаараа түүхэн дээд амжилтыг тогтоож чадав.
О.Насанбурмаа ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртэв
"Будапешт-2018" бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 72 кг-д, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа Монголын чөлөөт бөхийн тамирчдын 60, 21 дэх мөнгөн медалийг эх орондоо авч ирсэн юм. Тэрбээр 10 дахь ДАШТ-дээ зодоглосон бөгөөд 1/8 шигшээд эзэн орны Николета Шмолкаг оноогоор цэвэр (10:0), шөвгийн наймд 23 хүртэлх насны Европын хошой аварга Туркийн Бусе Тосуныг 7:6-гаар, хагас шигшээд энэ жилийн цэргийн ДАШТ, Красноярскийн “Алтан Гран при”, “China Open” ОУТ-д аваргалсан БНХАУ-ын Ван Жюанийг цэвэр ялсан юм. Харин алтан медалийн төлөөх барилдаанд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн гурван удаагийн аварга Канадын Жюстина Ди Стасиод 2:4-өөр ялагдан мөнгөн медаль хүртлээ.
О.Насанбурмаа чөлөөт бөх төдийгүй олимпийн спортын төрлийн ДАШТ-д дөрвөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсноос гадна 63, 67, 72 гэсэн гурван өөр жинд дэлхийгээс медаль зүүж байгаа юм.
М.Нандинцэцэг боксын ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин боллоо
Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Нандинцэцэг Энэтхэг Улсад болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв. Дэлхийн дэвжээнд тав дахиа өрсөлдсөн М.Нандинцэцэг насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын ес, эмэгтэйчүүдээс анхны боксчин боллоо. Азийн наадмын хүрэл медальт, улсын 11 удаагийн аварга билээ.
Монгол Улсын бүжгийн спортын дэлхийн аваргатай болов
БНХАУ-ын Шэнжен хотод латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах формэйшн тэмцээн болсон бөгөөд үүнд Монгол Улсын иргэн Н.Онондарь манлайлалыг үзүүлсэн билээ.
Тэрбээр ХБНГУ-ын “Grun Gold” хамтлагийн гишүүн аж. Монгол Улсын иргэн бүжгийн спортоор дэлхийд данстай болсон нь яах арга үгүй оны онцлох үйл явдлын нэг байлаа.
Н.Батсуурь сүүлийн 12 жил төрийн наадамд түрүүлсэн бөхчүүдээс ганцаараа хоёр түрүүтэй болсон юм
Увс аймгийн Ховд сумын уугуул, жүдо бөхийн ОУХМ, үндэсний бөхийн улсын аварга Намсрайжавын Батсуурь 2018 онд төрийн наадамд хоёр дахиа түрүүллээ. Ингэснээр тэрбээр сүүлийн 12 жил зөвхөн нэг түрүүтэй байсан бөхчүүдээс онцгойрч чадсан юм. Тодруулбал 2014 онд улсын арслан цол хүртэж байлаа. Түүний өвөө Ж.Гэлэг нь улсын начин, аав Г.Намсрайжав нь улсын харцага. Мөн олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын начин Р.Даваадалай, улсын начин Ло.Энхбаяр, Ло.Эрхбаяр нар ээжийнх нь хамаатан юм.
"Харих" болоогүй байсан их аварга үзэгчдийн суудал руу шилжих гэнэтийн шийдвэр гаргав
Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлж, бөх сонирхогчдын анхаарлыг ихэд татав.
Тэрбээр 28 насандаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь их аварга цол хүртэж, гадаадын тав, Монголын гурав дахь ёкозүна цолтноор тодорч байсан билээ. Түүний зодог тайлсан шалтгаан нь нутаг нэгт бөх А.Баасандоржид гар хүрсэн гэх асуудлаас үүдэлтэй юм.
Монгол Улсад анх удаа пауэрлифтингийн ДАШТ боллоо
Монголынн пауэрлифтингийн холбоо эх орондоо анх удаа пауэрлифтингийн мастеруудын ДАШТ-ийг зохион байгуулав.
Уг тэмцээн өмнө нь АНУ, Канад, Их Британи, Исланд, Египет, Швед, Финланд, ОХУ, Украин зэрэг улсад болж байна.
36 дахь удаагийн тэмцээнд 26 улсын баг тамирчин өрсөлдсөн билээ.
Медалийн хур буусан Азийн наадам болсон юм
Азийн зуны спортын XVIII их наадам Индонезийн нийслэл Жакартад наймдугаар сарын 19-нөөс есдүгээр сарын 02-ны өдөр болсон билээ.
Уг наадам түүхэндээ хамгийн олон спортын төрлөөр хамгийн олон орны баг тамирчдыг хамруулж, анх удаа хоёр хотод, хамгийн өндөр өртгөөр зохиогдсон юм. Монголын баг тамирчид спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцож түүхэндээ хамгийн олон буюу 25 медаль хүртэж 45-н орноос 16 дугаар байрт бичигдэв.
Тодруулбал таван алт, есөн мөнгө, 11 хүрэл хүртэж, дөрвөн жилийн өмнө тогтоосон дээд амжилтаа дөрвөөр ахиулсан юм. Түүнчлэн Азийн наадамд оролцох болсон 1974 оноос хойш хамгийн их мөнгөн медаль хүртсэн жил болов. Манай тамирчид 1990 онд долоон мөнгөн медаль хүртсэн юм.
Итгэмээргүй хариу ирсэн жил байлаа
Монгол улсын гавьяат тамирчин П.Орхон допингийн шинжилгээнд бүдэрч, энэ онд болсон оцлох үйл явдлын нэг боллоо. Тэрбээр Азийн зуны спортын XVIII наадмаас алтан медаль хүртсэнийхээ дараа шинжилгээнд хамрагдаж, эерэг дүнтэй хариу сонссон юм. Шинжилгээний хариугаар Stanozolol гэх бодис илэрсэн гэдэг. Уг эм нь тарилга болон таблет хэлбэртэй. Олон Улсын Атласикийн Холбоо (IAAF) болон бусад спортын байгууллагуудын тэмцээнд ашиглахыг хориглодог юм байна. Stanozolol нь маш хүчтэй эм тул АНУ-д морин уралдаанд ашигладаг гэнэ.
Г.Угалзцэцэг ДАШТ-ээс дөрөв дэх алтан медалиа хүртсэн юм
Тайланд улсад болсон бодибилдинг, фитнесийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Г.Угалзцэцэг 165 см өндөртэй классик болон +30 насны ангилалд дараалан түрүүлж, хос алтан медаль хүртэв. Энэ нь түүний хувьд улсынхаа хэмжээнд тогтоосон дээд амжилт юм.
Мөн тэрбээр хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын гавьяат тамирчин цол, тэмдгээр энгэрээ гоёов.
Спортын салбарт 2018 онд тохиосон онцлох 10 үйл явдал | ||
Үзсэн: 1354 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.