Шууд Chart

Ч.Хөхчирэнгэр, Б.Эрдэнэхүү нар цол, чимгээ хэзээ гардах нь тодорхойгүй байна

2019-01-03 15:21:19

Улсын наадмын дараа таваас дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг журамтай. Өөрөөр хэлбэл, улсын цолонд хүрсэн, цолоо ахиулсан бөхчүүдийн амжилтыг бататгаж байгаа юм.

Тэгвэл 2018 оны улсын баяр наадмын шинжилгээгээр гурван бөхөөс допинг хэрэглэсэн нь тогтоогдсон хэмээн эх сурвалж мэдээллэсэн юм. Шинжилгээнд 32 бөх хамрагдсанаас Монгол Улсын гарьд Н.Ганбаатар, Монгол Улсын харцага А.Цацавшир нараас допинг илэрсэн нь тогтоогдсон.

Мөн шинэ цол авсан начин, харцага цолтны нэгээс допинг илэрсэн ч бөхчүүд "А" сорьцын хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас "В" сорьцын шинжилгээнд хамруулахаар болсон байна.

Монголын үндэсний бөхийн дүрмээр допинг хэрэглэсэн бөхчүүдийн даваа хүчингүй болж, тэдэнд өвдөг шороодсон бөхчүүдийг давснаар тооцдог. Тэгэхээр Монгол Улсын гарьд Н.Ганбаатараас допинг илэрсэн учир аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү улсын начин цолны болзол хангаж байна гэсэн үг. Мөн А.Цацавширыг начины даваа хүчингүй болбол улсын начин Ч.Хөхчирэнгэр улсын өсөх идэр начины болзол хангаж байна.

Бөх сонирхогчид тэднийг дээрх цол, чимгээ оны өмнө гардах болов уу гэж таамаглаж байсан ч санаснаар нь болоогүй тул үндэсний баяр цагаан сарын өмнө ёслол хүндэтгэлтэйгээр хүртэх байх хэмээн сошиалаар харилцаж байна.

Иймд улсын начин Ч.Хөхчирэнгэр, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү нараас цол, чимгээ хэзээ гардах тухай лавлахад “Одоо бидэнд албан ёсоор мэдэгдсэн зүйл алга. Монгол Улсын гарьд Н.Ганбаатар, Монгол Улсын харцага А.Цацавшир нараас допинг илэрсэн нь тогтоогдсон гэсэн. Тэгэхээр удахгүй шийдэгдэх байлгүй” гэсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ч.Хөхчирэнгэр, Б.Эрдэнэхүү нар цол, чимгээ хэзээ гардах нь тодорхойгүй байна  
Үзсэн: 1661 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй