
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч Б.Баатар агсны гэгээн дурсгалд зориулан "Найруулагч Баатар" хүндэтгэлийн арга хэмжээг УДЭТ-ээс зохион байгуулах гэж байна.
Түүний 60 насны төрсөн өдөр энэ сарын 29-нд тохиох тул ажлынх нь хамт олон энэ өдрийг сонгожээ.
Энэ өдөр залуу найруулагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан "Баатар найруулагч сан" нээлтээ хийж, Монголын театрын музейд түүний хүрэл баримлыг байршуулах юм.
Найруулагч Б.Баатар нь 1984 онд Украйны Киев хотын Театр урлагийн дээд сургуулийг драмын найруулагч мэргэжлээр төгсчээ. Тэрээр 1977-1979 онд Теле кино үйлдвэрт туслах найруулагч, 1985-1996 онд Монголын радиод найруулагч, уран сайхны удирдагч, программын зөвлөлийн даргаар, 1999 оноос Улсын драмын эрдмийн театрт ерөнхий найруулагч, найруулагчаар ажилласан юм.
Тэрээр 1985 онд найруулагч Б.Мөнхдоржтай хамтран “Гургалдайн дуут шөнө” жүжгээ тайзнаа амилуулсан бөгөөд тэр жилдээ найруулагч Г.Доржсамбуутай хамтран “Гарваа” жүжгийг, бие даан “Хүн бүгд би” жүжгийг тус тус тайзнаа тавьжээ.
“Харанхуйд харагдахгүй”, “Далан худалч”, “Кармен хүүхэн”, “Ганцхан алхахад уулзана”, “Садар эрийг номхтгосон нь”, “Цахлай”, “Хүйтэн сэнтий”, “Гавал сар”, “Амьгүй албат”, “ Ээжээ”, “Атга нөж”, “Мануухай”, “Эхнэрээ зээлээч”, “Ану хатан”, "Кихот ноён", "Адууны түүх" зэрэг 20 гаруй уран бүтээлийг тайзнаа амилуулж, театрын урын санг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан, Монголын сор болсон уран бүтээлч байсан билээ.
Найруулагч Б.Баатарыг эргэн дурсана | ||
Үзсэн: 1248 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.