
Монголын үндэсний олимпийн хорооны хурал маргааш болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.
Тус холбоог 20 гаруй жил удирдаж байгаа Г.Загдсүрэн ажлаа өгөхөөр болж, Бүх гишүүдийн хурлыг ч хийхээр болоод байсан юм. Мөн МҮОХ-г Олон улсын олимпийн хорооны хартийг зөрчсөн талаар мэдээлэл гарч энэ нь олон улсад ч хүрээд байгаа билээ. Ингээд мэдээллийг хүргэе.
Дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлэг хойшлогдов
МҮОХ-ны дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлэгийг өчигдөр "Корпорейт" зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгийг санаачлагч нь Биатлон, Ширээний теннис, Гандбол болон Жүдо бөхийн холбоо байжээ. Мөн хуралд МҮОХ-ны дүрмийн зөвлөлийн гишүүн Ч.Бат-Эрдэнэ болон 30 гаруй холбооны төлөөлөл оролцсон байна. Хэлэлцүүлэгээр МҮОХ-ны дүрэмд өөрчлөлт оруулах тухай саналыг хийж, холбогдох зарим заалтыг өөрчлөх байжээ. Үүнд Чуулганы хэлэлцэх асуудлын тухай 14.3 заалтын эхний нөхцөл “Мандатын комиссын илтгэл” гэсэн хэсгийг “Чуулганы төлөөлөгчдийн 2/3 хүрэлцэн ирж бүртгүүлснээр Чуулганы хуралдаан эхэлнэ” гэж өөрчлөх эсвэл хасах. Энэ саналыг 2019 оны нэгдүгээр сард олимпийн төрлийн спортын дөрвөн холбооноос Олон улсын олимпийн хороонд явуулж дэмжигдсэн байна. Тиймээс үүнийг болон бусад зарим заалтыг гишүүдийн оролцоотойгоор хэлэлцэхийг зорьжээ. Өчигдрийн хэлэлцүүлэгийн үр дүнд дахин хэлэлцүүлэгийг гишүүдийн дунд хийх, хурал болох байраар хангахыг МҮОХ-д санал хүргүүлсэн байна. Өчигдрийн хэлэлцүүлэгт ирсэн гишүүдийн олонх нь МҮОХ-ны өөрийн байранд хийх санал гаргасан. Мөн гишүүдийг дараагийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, МҮОХ-ны дүрмэнд өөрсдийн саналаа хэлэхийг хүссэн юм.
МҮОХ-ны бүх гишүүдийн хурал хойшлогдов
МҮОХ-ны Бүх гишүүдийн хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Уг хурал маргааш/2019.01.25/ “Чингис” зочид буудалд болохоор тов гараад байсан ч цуцлагдсан байна. Учир нь Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир шүүхэд гомдол гаргаснаар дээрх хурал хойшлогджээ. Тэрбээр 2017 онд МҮОХ-ны хорооны ерөнхийлөгчийн сонгуулиар Д.Загдсүрэн олонхийн санал авч дахин сонгогдохоор болсныг хуулийн дагуу шалгуулах хүсэлт гаргасан байна. Учир нь удаа дараа МҮОХ-ны ерөнхийлөгчид ял шийтгэгдсэн этгээд нэр дэвших эрхгүй гэдгийг мэдэгдэж байсан юм. Тэгвэл энэхүү маргаан Олон улсын олимпийн хороонд хүрч зарим шаардлагад хариу тайлбарыг хүргүүлээд байгаа аж. Уг сонгуулиар Д.Загдсүрэн олонхийн санал авсан бол Э.Мөнх-Очир удаалж байсан билээ. Тиймээс иргэн Э.Мөнх-Оргил шүүхэд гомдол гаргаж, энэ сарын 25-ны өдөр хуралдах байсан МҮОХ-ны Бүх гишүүдийн хурал хойшлогдоход хүрчээ. Энэ үйл явдал дээрх хэлэлцүүлэгийн өмнө болсон байна.
Маргааш болох байсан МҮОХ-ны Бүх гишүүдийн хурлаар 2018 оны тайланг тавьж, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг гаргах, мөн зарим холбоодыг жинхлэх, дүрэмд өөрчлөлт оруулах болон Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлах байжээ. Зарим орон нутгийн төлөөлөгчид хуралд оролцохоор Улаанбаатарт ирсэнийг албаныхан хэлж байв.
МҮОХ-ны хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ | ||
Үзсэн: 770 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.