
Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Нямбаярын Төгсцогтын дараагийн тулаан нөгөөдөр болно.
Тэрбээр мэргэжлийн боксын “Даблю-Би-Си” болон “Аая-Би-Өү” холбооны дэлхийн аварга болж байсан Доминикан Улсын боксчин Клаудио Марреротой 12 раунд тулалдах гэж байна.
Уг тулаан АНУ-ын Нью-Йорк хотын НБА-ийн "Бруклин Нэтс" багийн тоглолтоо хийдэг 17 мянган хүний суудалтай алдарт "Барклайс Центер” ордонд болох ажээ.
Мэргэжлийн боксын рингэнд арав дараалан ялсан Н.Төгсцогтын хувьд энэ удаагийн тулаан карьерынх нь хамгийн чухалд тооцогдох тухай холбогдох хүмүүс онцолж байна.
Клаудио Марреро гэж хэн бэ?
Н.Төгсцогтын өрсөлдөгч, Бүгд найрамдах Доминикан улсын харьяат Клаудио Марреро нь 1989 оны гуравдугаар сарын 6-нд Санто Доминго хотноо төрсөн. Таван настайгаасаа эхлэн тулааны спортоор хичээллэж, 10 наснаасаа сонирхогчдын боксын төрөлд олон улсын тэмцээнд орж эхэлжээ.
Сонирхогчдын боксын спортод гаргасан хамгийн том амжилт нь 2007 оны Пан Америкийн наадмаас хүртсэн мөнгөн медаль. Тэрбээр 54 кг-ын жинд аваргын төлөө Мексикийн Карлос Куадрастай тулж, техникийн давуугаар ялагдсан юм. Пан Америкийн наадамд амжилттай оролцсоных нь дараа түүнийг 2008 оны Зуны олимпийн наадамд амжилт гаргана гэсэн хүлээлт байсан ч хэсгийн шатанд ердөө нэг ялалт байгуулж, Кубийн тамирчинд 12:1 онооны харьцаатай хожигдсоноор хасагдаж байлаа. Түүнчлэн сонирхогчдын боксын ДАШТ-д хоёр удаа оролцож, медальгүй буцаж байсан юм.
Сонирхогчдын боксоор төдийлөн амжилт гаргаагүй Клаудио Марреро 2009 онд энэ төрлөөс зодог тайлж, мэргэжлийн боксоор хүч үзэхээ олон нийтэд зарлажээ. Түүний мэргэжлийн боксын замналын эхний тулаан нь 2010 оны есдүгээр сарын 18-нд төрсөн нутаг Санто Доминго хотноо болсон ба нутаг нэгт боксчин Хуан Карлос Росариотой тулалдаж, өрсөлдөгчөө техникийн илт давуугаар буулган авсан байна. Мэргэжлийн боксын ертөнцөд хөл тавьснаас хойшхи эхний гурван жилдээ тэр ялагдал амссангүй. Нийт 14 дараалан ялалт байгуулсны 12-т нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авчээ. 2013 оны наймдугаар сарын 23-ны өдөр АНУ-ын Верона хотноо Хесус Марсело Андрес Куеллартай тулалдав. Энэ тулаанд ялах л юм бол WBС буюу Дэлхийн боксын холбооны бүсийн төлөө тулалдах эрхтэй болох байлаа. Гэвч энэ тулаан бүтэн 12 үеийн турш үргэлжилсэн нь ч шүүгчдийн саналаар тэр ялагдал хүлээсэн юм. Мэргэжлийн боксын хоёр дахь ялагдлаа 2017 оны есдүгээр сарын 15-нд амсчээ. Мөн л энэ тулаанд ялвал өмнө нь атгаад алдсан боломжоо дахин авах байлаа. Гэвч тэгсэнгүй. Пуерто Рикогийн тулаанч Хесус Мануэль Рохас Диазад хүнд цохилтоор ялагдсан юм. Хэдийгээр тэр WBC-н чухал хоёр тоглолтод ялагдал хүлээсэн ч IBO-н бүсийг хоёр удаа хүртэж байсан туршлагатай тулаанч.
Клаудио Марреро мэргэжлийн боксын рингэнд анхлан хөл тавьснаасаа хойш 23 удаа ялалт байгуулсны 17 нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авсан гэх бахдам амжилттай ч WBС-н бүсний төлөө тулалдах эрхийн төлөөх тоглолтод хоёр ч удаа ялагдсан нь гэрэлтэй байсан замналыг нь харлуулсан үйл явдал болсон. Хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Эль Пасо хотноо тулалдаж, өрсөлдөгч болох Мексикийн тулаанч Хорхе Лараг хүнд цохилтоор буулган авч, ялалт байгуулжээ.
Олимпийн аварга Э.Бадар-Ууган, олимпийн хүрэл медальт Д.Отгондалай нарын тэргүүтэй Монголын боксын шилдгүүд ч дэлхий нийтийн анхаарлыг татаж буй энэхүү тулаанд Н.Төгсцогтыг дэмжихээр өнөөдөр АНУ-ыг зорихоор болжээ.
Тэдний тулаан АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт орших “Barclays Center”-т болно.
Н.Төгсцогтын дараагийн тулаан нөгөөдөр болно | ||
Үзсэн: 658 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.