Шууд Chart

Дундад улсын алдарт жүжигчин Сэчинговоо

2019-01-30 09:26:57

Монгол хүн гэдгээрээ бахархдаг энэ сайхан эмэгтэй Хятадын жүжигчдийн мөрөөдөл болсон "Алтан тахиа" хэмээх кино урлагийн хамгийн том шагналыг гурван удаа хүртсэн гэдгээрээ алдартай.

Мөн зуу орчим киноны гол дүрийг бүтээж Хонконг, Тайвань, Америк, Европын кино наадмуудаас тэргүүн байрын шагналыг гуч, дөчин удаа баруун солгойгүй хамчихсан дэлхийн хэмжээний кино од юмсанж.

Нийтдээ зуу орчим кинонд гол дүр бүтээжээ. Бид зөвхөн Холливудын хэдэн жүжигчнийг л дэлхийн хэмжээний жүжигчид гэж төсөөлж ирсэн байна. Тэгтэл цаана нь бидний үзээгүй сайхан кинонууд, бидний таньж мэдээгүй мундаг жүжигчид мэр сэр байдаг юм байна шүү...

Жүжигчин Сэчинговоо (Монголоор Сэцэнгуа) нь МҮОНРТ-ээр гарч байсан бидний мэдэх "Энх-Амгалангийн төр" олон ангит киноны Энх-Амгалан хааны эмэг эх болох Монгол хатны дүр, мөн Өвөр Монголын "Чингис хаан" киноны Өүлэн эхийн дүрийг тус тус бүтээсэн хүн.

Хятадын түүхэнд эмэгтэй хаан хоёр ч удаа тодорчээ. Анхных нь Тан Улсын хатан хаан Үй Зү Тэн, хоёр дахь нь Манжийн төрийг нэг үе залуурдаж явсан мөнөөх алдартай Ци Си хатан.

Энэ хоёрын дүрийг Хятад жүжигчдээс урьтаж Сэчинговоо кинонд мөнхөлжээ. Мөн жүжигчин Сэчинговоо Дундад улсын "Их гэр бүл" хэмээх гуч, дөчин жилийн турш цуврал маягаар хийгдсэн олон ангит кинонд цэл залуу наснаасаа эхлээд жар хүртлээ тогложээ.

Нэг хүнийг ингэж нэг кинонд олон жил тоглуулж, тэр киногоо олон жилийн турш үзэгчдэд цувралаар хүргэж байдаг ийм үйл явц дэлхийн кино урлагт байдаг юм байна.

Эдүгээ нэрт жүжигчний амьдран суугаа газар нь гэвэл хүмүүс нь голдуу Францаар ярьдаг Швейцарийн Женев хот.

Тиймдээ ч сүүлийн жилүүдэд голдуу Франц болон Хятадаар ярьж ирсэн Сэчинговоо хатагтай саяхан Монголчуудтай уулзахдаа “Мартах шахсан Монгол хэлээ мөн ч сайхан сэргээж авлаа” гэсэн гэнэ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дундад улсын алдарт жүжигчин Сэчинговоо  
Үзсэн: 3421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй