
Завхан аймгийн Цагаанхайрхан сумын малчин Б.Загдбазар Алтан төлийн эзний шагналаа анхныхаа төлтэй хүлээн авлаа.
Дээрх аймагт энэ жил өвсөндөө таарсан цастай, өнөтэй сайхан жил болж байна. Тиймээс малчдын сэтгэл тэнүүн, малын зоо тэнэгэр, мал аж ахуйн салбарын амжилт бүтээл арвин буй. Энэ жил Завхан аймгаас улсын аварга малчин тав, алтан төлийн эзэн 10 төрж, Цагаанхайрхан сумын алтан төлийн эзэн шагналаа анхныхаа төлтэй хамт хүлээн авсан сайхан үйл явдал тохиолоо.
Гахай жилийн босгон дээр Цагаанхайрхан сумын Онц багаас төрсөн алтан төлийн эзэн Б.Загдбазар 1989 онд наймдугаар анги төгссөнөөсөө хойш 30 дахь жилдээ мал маллаж, морь уяж байна.
2010 онд аймгийн сайн малчин болж 2015 онд аймгийн алдарт уяач цол хүртсэн тэрбээр сүүлийн таван жил дараалан 1000-аас дээш толгой мал тоолуулжээ.
Мал сүргээ өөрийн хүүхэд мэт хайрлаж өсгөхийг зорьдог алтан төлийн эзэн Загдбазар 200 орчим бод, 1200 гаруй богтой. Энэ жилийн анхны төлөө хүлээж авсан өдрөө аймгийн Засаг даргаас алтан төлийн эзнийхээ шагналыг гардан авч баяр дээр нь баяр нэмсэн юм.
Завхан аймаг малчдынхаа санал хүсэлтэд тулгуурлан 30 гаруй жилийн дараа энэ жилээс “Аймгийн хошой аварга малчин” цолыг олгож эхэллээ. Энэ жил Цагаанхайрхан сумаас аймгийн хошой аварга малчин төрсөн нь П.Гантөмөр юм. Тэрбээр 16 настайгаасаа эмээтэйгээ мал маллаж эхэлсэн цагаас хойш 40 гаруй жил төл бүрээ мал болгохын төлөө гадаа гэртгүй зүтгэсний үр дүнд өнөөдөр энэ амжилтанд хүрчээ. Найман хүүхдийнхээ зургааг нь малчин болгож, хоёр хүү нь аймгийн аварга малчин, нэг хүү нь сумын аварга малчин болж, ээжийнхээ малч ухааныг өвлөж, хөдөлмөр зүтгэлийг нь үргэлжлүүлж явна.
П.Гантөмөр 1998 онд сумынхаа анхны мянгат малчин болж байсан бол аймгийн аварга малчнаар гурван удаа, мянгат малчнаар таван удаа шалгарч, 2013 онд алтан төлийн эзэн болжээ.
1400 гаруй мал сүргээ дөрвөн төрөлд нь өсгөж, энэ жил 500 гаруй төл хүлээж авахаар бэлтгэлээ базааж байна.
Алтан төлийн эзний шагналаа анхныхаа төлтэй хүлээн авчээ | ||
Үзсэн: 641 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.