Шууд Chart

Өргөн хэрэглээний барааны үнэ буурчээ

2014-01-30 08:55:24

Нийслэлийн статистикийн хорооноос төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг өмнөх долоо хоногтой харьцуулж мэдээлдэг билээ. Тэгвэл 1-р сарын сүүлийн долоо хоногийн байдлаар өргөн хэрэглээний барааны үнэ буурчээ.

Махны дундаж үнэ
2014 оны 1-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7420 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8400 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 20 төгрөгөөр, үхрийн цул мах 0.7 хувиар буюу 65 төгрөгөөр тус тус буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 7600 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.3 хувиар буюу 25 төгрөгөөр, хонины цул махны үнэ 1.0 хувиар буюу 75 төгрөгөөр буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 6400 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.
 
Гурилын үнэ  
2014 оны 1-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан гурилын үнэ дээд зэрэг нь 1050-1300 төгрөг, 1-р зэргийнх 700-900 төгрөг, 2-р зэргийнх 500-800 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1000-аас 1100 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 750 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 800-900 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Хар Хорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 900 төгрөгөөр худалдаалж байна.
 
Төмс, хүнсний ногоо
2014 оны 1-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол манжин 3.1 хувиар буюу 50 төгрөгөөр буурсан байлаа.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Өргөн хэрэглээний барааны үнэ буурчээ   
Үзсэн: 1352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй