Сочигийн олимпийн байгууламжуудын 10 гаруйг нь 1,5-2,5 дахин нэмэгдсэн өртгөөр барьсан тухай мэдэгдлийг Оросын авилгын эсрэг тэмцэгчдийн нэг Алексей Навальный хийлээ. Түүний тэргүүлдэг авилгатай тэмцэх сангийнхан олимпийн байгууламж тус бүрийг босгоход зарцуулсан хөрөнгө мөнгийг харьцуулан танилцуулж тусгай сайтдаа нийтэлсэн байна.
Энэхүү сайтан дээр олимпийн наадмын байгууламжууд бүр ямар өртгөөр боссон, мөн дэлхийн жишиг ямар байдгийг харьцуулан танилцуулсан аж. Тухайлбал Фишт цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажилд дэлхийн ижил түвшний спортын ийм хүрээлэн барихаас даруй 2,5 дахин их хөрөнгө зарцуулсныг харж болох юм байна. Мөн Адлер Красная Полянагийн хоорондох замын өртөг хоёр дахин их байгааг ч онцолжээ. Түүнчлэн замын ажилд хамгийн ихээр мөнгө зувчуулж өртөг зардлыг нь ихэсгэсэн хэмээн бичсэн байна.
Авилгатай тэмцэх сангийн тэргүүн Алексей Навальный хэлэхдээ “Олимпийн хамгийн өртөг өндөртэй бүтээн байгуулалтын нэг нь зам. Энэ төслийн үндсэн гүйцэтгэгчид нь Ерөнхийлөгч Путины найз болох Тимченко, Ротенберг нар байсан. Хамгийн багаар бодоход энэ төслийн үнэ өртгийг 1,8 дахин нэмсэн. Хэдэн тэрбум доллараар өртгийг нь санаатайгаар нэмэгдүүлснийг шууд авилга гэхээс өөр тайлбар байхгүй.
Мөн тус сангийнхан Сочигийн мөсөн ордныг л гэхэд 9,9 тэрбум рублиар барьж босгосон нь ийм төрлийн байгууламж барихад зарцуулдаг дундаж хөрөнгөөс 2,4 дахин их байгааг сануулж байна” гэжээ.
Гэвч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сочигийн олимпийн наадамд зориулж 214 тэрбум рубль зарцуулаад байгааг мэдэгдэж байсан билээ. Харин Навальнийгийн багийнхан дэд бүтцийн бүтээн байгуулалтыг оруулаад нийтдээ 1,5 триллион рубль зарцуулаад байгаа нь Ванкуверийн олимпийн зардлаас тав дахин, Туринийхээс 10 дахин их зардал болж байгаагийн дээр багагүй хувь нь авилга хээл хахуульд зарцуулагдсан хэмээн үзэж байна.
| Сочигийн олимпийн байгууламжуудыг Путины найз барьжээ | ||
| Үзсэн: 1000 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.