
Залуу яруу найрагч Ж.Нямаагийн анхны шүлгийн түүврийн нээлт "Интерном"-ын санд өнөөдөр боллоо. Хотын ганган энэ бүсгүй нэгэн цагт хөдөө нутагт ишиг хурга эргүүлж, ботго тором сөөглөж, тугал бяруу сүүлдэж өссөн охин. Энэ бол яруу найрагч хүнд байвал зохих хамгийн чухал орчин нөхцөл юм.
Чухамдаа хөдөөгийн сайхныг хар нялхаасаа мэдэрч өссөн хүнээс л ховор нандин үг урсан гардаг. Манай нэр цуутай яруу найрагч, зохиолчид цөмөөрөө л хөдөө нутгаас төрж гарсан байдаг. Харин Дөчин мянгатын тагтан дээрээс, дөрвөн замын уулзвар дундаас төрж гарсан алдартай яруу найрагч нэгээхэн ч үгүй. Тэгэхээр хөдөө нутагт төрж өссөн нэгэн амин чухал зүйл Нямаа бүсгүйд байна. Тэр нь эрчимлэг сайхан монгол хэлний ид шид. Үнэндээ бидний, тэр дундаа хөдөө нутагт, малчны хотонд байгаа эх хэл бол хэдэн зууныг дамнасан оюуны их нүүдэл юм.
Нямаа бүсгүй үдшийн тэнгэрт ододтойгоо ханьсах ихэмсэг саранд дурлаж явснаа шүлэглэжээ. Өмнө нь саранд дурласан найрагчийн тухай шүлэг сонсож байгаагүй болохоор “Саранд дурлах” гэдэг энэ үг яруу найргийн ертөнцөд шинэлэг юм шиг санагдлаа. Тэр дундаа эмэгтэй хүн саранд дурласан нь тун өвөрмөц юм. Яагаад гэвэл яруу найрагчид сарыг голдуу л “Саран авхай” гэж магтан дуулж, дэлхийг тойрч эргэдэг “Сар” хэмээх жижигхэн дугариг бөгөөд мөнгөлөг гаригийг чухамдаа эмэгтэйлэг талаас нь шүлэглэдэг. Тэгэхээр саранд дурлаад шүлэг тэрлэж явсан эрэгтэй найрагч хаа нэгтээ байхыг үгүйсгэхгүй.
Монголын утга зохиолд долоон Нямаа байдаг.
Найрагтаа дөмөг нь Долгорын Нямаа
Найруулалдаа дөнгүүр нь Данзангийн Нямаа
"Ормоон"-доо дөнгүүр нь Батын Нямаа
Оросдоо дөнгүүр нь Цэндийн Нямаа
Хөдөөдөө дөнгүүр нь Ломбын Нямаа
Хөвсгөлдөө дөнгүүр нь Жамбын Нямаа
Өгүүлэлдээ дөнгүүр нь Готовын Нямаа
Үнэндээ гэхэд цөмөөрөө ямаа... гэдэг егөө шүлэг бий. Одоо тэгвэл эд бүгд дээр Жамбалын Нямаа гэдэг жинхэнэ ямаа шиг бүсгүй нэмэгдэх нь байна.
Найрагч бүсгүй маань Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрж өсчээ. Говь хээрийн бүсэд багтдаг энэ сайхан нутагт мөнөөх алдарт “Их газрын чулуу”, Ярхийн уул зэрэг үзэсгэлэнт газрууд байдаг.
Газар, тэнгэр хоёрыг холбосон захгүй цэнхэр далай цэлэлзэн мэлтийх зэрэглээний мандал дундаас их цэрэг довтлон ирж яваа мэт шовх шовх оргилууд босон суун өндөлзөн бүжих нь энэ насандаа харж байгаагүй юм шиг гайхамшиг... Энэ бол “Их газрын чулуу” бөгөөд баруун талаас нь хөлөг онгоцны хитэг өндийн гарч ирэх шиг болдог говийн эгэл жижигхэн уул бол эртний соёлыг нэвт шингээсэн “Ярх” уул... Зүс ихэрлэж, өнгө нийлсэн зүүрмэг бор толгодтой, туулж барамгүй энэ их газрыг дуулж л бармаар, чухам л уртын дуу ингэж л төрдөг болов уу гэмээр буман өнгөөр бие биедээ уусч шингэсэн зэсэн улаан толгод бүхий энэ сайхан нутагт төрж өссөн Нямаа бүсгүйгээс говийн тухай шүлэг ундрахгүй бол өөр хэнээс ундрах билээ.
Нэгэн таатай зүйлийг онцолж хэлэхэд Нямаа бүсгүй мэргэжлээ сонгохдоо хүртэл уужим тэнүүн тал нутгаа орхихгүй гэсэн эрмэлзлэлтэйгээр Хөдөө аж ахуйн Монгол фермер дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн байх аж.
Түүнчлэн Япон Улсад цөлжилтийн талаар судлаач оюутанаар суралцаж байсан нь нөгөө л даруухан говь нутгаа усжуулж, ногооруулах гэсэн алс хэтийн мөрөөдөл байлаа. Гэхдээ энэ нь эдүгээ мөрөөдөл төдий биш бодит ажил болж эхлээд байгаа нь бахдалтай.
Тэрбээр эдүгээ Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байгаа бөгөөд энэ ажлынхаа хүрээнд байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаатай холбогдуулан цөлжилтөнд нэрвэгдсэн бүс нутгуудад цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилтот төсөл хөтөлбөрийг эхлүүлээд гурван жилийн нүүрийг үзэж байна.
Энэ талаар товчхон дурдахад Дундговь аймгийн Сайнцагаан суманд 10 га газрыг цэцэрлэгжүүлж, улиас, хайлаас, Монгол болон Хятад сакура, Орос алим, Америк гүзээлзгэнэ, чацаргана болон жимс жимсгэний мод нутагшуулан тарьж эхэлжээ.
Утга соёл, яруу үгсийн баялаг бүтээхээс гадна уудам тэнүүн говь нутгаа ногооруулж гэгээрүүлэх “Эд юмсын баялаг” бүтээж байгаа нь энэ. Манай залуучууд баялаг бүтээх салбар руу ингэж бөөн бөөнөөрөө ороод ирдэг ч болоосой. Тэгвэл мөн ч сайхан даа.
Саранд дурласан бүсгүй | ||
Үзсэн: 1503 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.