Шууд Chart

Н.Туулайхүү: Удирдаач мэргэжлийг эзэмшсэн минь аавынхаа мөрөөдлийг биелүүлэх гэсэнд байж магадгүй

2019-02-18 09:04:37

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Нямаагийн Туулайхүүтэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингэхэд та удирдаач мэргэжлээр ажиллаад хэдэн жил болж байна вэ?

-1967 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд орсон. Тэр үед надад дандаа Орос багш нар хичээл зааж байв. Харин 1973 онд ДБЭТ-т хөгжимчнөөр ажиллаж байгаад 1978 онд хойд хөрш рүү сурахаар явсан. Тэр сургуульд эхний жил хоорын удирдаачийн ангид сурсан бол дараа жил нь кларик хөгжмийн ангид сурч байгаад гуравдугаар курсээс нь дуурь ба симфони хөгжмийн ангид орсон. Гэхдээ дараа нь хоорын удирдаачийн ангиа орхисон. Учир нь тэр үед миний бодолд симфони хөгжмийн ангид орсон юм чинь хоорын ангийг төгсөх шаардлагагүй мэт төсөөлөгдсөн хэрэг. Гэвч одоо бодоход төгсдөг байж гэж харамсдаг.

-Таны удирдаач болсон нь аавын тань мөрөөдөлтэй холбоотой гэдэг байх аа?

-Тийм. Аав маань жаахан халамцахаараа намайг дэргэдээ суулгаад “Хүүгээ удирдаач болгох юмсан. Тэгвэл би дохьсон тоглолт бүрийг нь үзнэ дээ” гэж ярьдаг байсан. Би тэр үед өөрийгөө урлагийн хүн болно гэж бодож байгаагүй. Гэхдээ өнөөдөр энэ мэргэжлийг эзэмшсэн нь аавынхаа мөрөөдлийг биелүүлэх гэсэнд байж магадгүй. Тэгээд ч багаас минь байнга тэгж хэлдэг байсан нь өөрийн эрхгүй удирдаач болохоос арга үгүй болсон байх. Хөгжим бүжигт сурч байхад хүртэл орос багш зөвхөн намайг нэг жижиг ангид оруулж байгаад хаалгаа түгжээд ганцхан удирдаачийн хичээл заадаг байлаа. Ингээд бодохоор би заавал удирдаач болох ёстой байсан байж.

-Таны ажил хөдөлмөрийн гараа аль байгууллагаас эхэлсэн бэ?

-Улсын Филармониос. Учир нь намайг ОХУ-ын хөгжмийн сургуулиас төгсч ирэхэд филармони нэг л удирдаачтай байсан болохоор Намсрайжав гуай намайг авсан юм. Тэнд би 12 жил ажилласан. Уг нь би тэр үед ДБЭТ-т орох гэтэл Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, хийлч, удирдаач, хөгжмийн зохиолч Ж.Чулуун, Ц.Жамсрайжав, Х.Гомбосүрэн нар байсан болохоор би орох боломжгүй байсан. Гэтэл 1996 онд гавьяат жүжигчин А.Дашпэлжээ гуай дуурийн театрын даргаар орж намайг театрынхаа ерөнхий удирдаачаар оруулсан. Би ч хойд хөрш рүү сурахаар явахаасаа өмнө ажиллаж байсан тул дуртай нь аргагүй орсон. Тэр өдрөөс хойш би энд ажиллаж байна.   

-Энэ хугацаанд та хэчнээн бүтээл дээр ажилласан бэ?

-Дуурийн театрт 25 дуурь, 20 орчим балетад ажилласан. Концерт гэвэл тоймгүй их. Жилд л гэхэд 100 орчим байдаг.   

-Тантай ярилцах завшаан тохиовол нэрний тань талаар асууя гэж их боддог юм. Сониуч зангаараа л даа. Таных шиг нэртэй хүнтэй өмнө нь таарч байсангүй?

-Би хотод төрсөн. Тэр тусмаа Туул голын эрэг дээр. Аав маань намайг Туулын эрэг дээр төрсөн болохоор Туулаа гэдэг нэр өгсөн юм. Ингээд сургуульд ороход хүүхдүүд туулай гэдэг юм байна гэж ойлгоод Туулай гэж дууддаг болсон. Гэтэл ангийн багш “Хүүхдийг туулай байхдаа яах вэ дээ. Эрэгтэй юм чинь Туулайхүү гэдэг болъё” гээд энэ нэрийг өгсөн.

-Та өөртэйгээ адилхан нэртэй хүмүүстэй уулзаж байв уу?

-Уулзсан. Намайг хөгжим бүжигт ороход охидууд намайг “Дэлдэн туулай” гэж их шоолдог байсан. Би ч тэднийг дахиж шоолохгүй болтол нь зодно. Гэхдээ би нэрээ солимоор санагдаад аав, ээждээ хэлтэл зөвшөөрсөн. Ингээд ямар нэртэй болдог юм билээ гээд “Хархорин” зах дээр явж байтал минийхтэй адилхан нэртэй, ширвээ сахалтай их гоё ах байхыг хараад хорвоод ийм нэртэй хүн байдаг юм байна гэж бодоод солихгүйгээр шийдсэн. 2006 онд СТӨ-нд гавьяат жүжигчин, дуучин Х.Үнэнхүү, урдагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Пүрэвхүү бид гурав хамтарсан тоглолт хийсэн юм. Бид тоглолтын үеэр үзэгчдийн дундаас адилхан нэртэй хүмүүсдээ бэлэг өгөх ёстой байв. Эхлээд Ц.Пүрэвхүү бэлэг өгсөн чинь нэлээд олон хүн гарч ирж жинхэнэ шатаж байна аа. Дараа нь Х.Үнэнхүү гарч бэлгээ гардуулсан чинь 10 гаруйхан хүн гарч ирэв. Харин би бэлгээ гардуулахад гурван хүн гарч ирсэн. Тэдний нэг нь ээждээ тэврүүлсэн хүү байсан. АНУ-д амьдардаг гээд гадаад паспортоо үзүүлсэн. “Яагаад ийм нэр өгсөн юм бэ” гэсэн чинь “Өвөө нь таныг их хүндэлдэг юм. Тэгээд зээ хүүдээ таныг нэрийг хайрласан юм” гэж хэлсэн.

-Ямар нэгэн тоглолтод хөтлөгч “Дуучин Х.Үнэнхүү, удирдаач Н.Туулайхүү” гэж зарлахаар үзэгчид инээлддэг. Тэр үед танд анх эвгүй санагдаж байсан уу?

-Үгүй ээ. Тэгээд ч урлагийнхан шооч болохоор дасчихсан. Анх Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг хүн цаашлуулахдаа сайн болохоор Х.Үнэнхүү, Ц.Пүрэвхүү бид гурвыг дээр хэлсэн тоглолтод оролцоход урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа гуай хөтлөгчөөр ажиллаж биднийг зарлахад үзэгчид нирхийтэл инээсэн. Юун өнөө тоглолт үзэх манатай юм болсон.   

-Хөгжим бүжигт ямар хувь тохиолоор орсон юм бэ?

-Бага ангийн багш маань дуу хөгжим ордог байсан. Бидэнд байнга дуу заана. Би ч тэр үеэс дуунд дуртай болж гитар, төгөлдөр хуур тоглож сурав. Тэр үед Ардын жүжигчин Б.Зангад гуай Оросын уран бүтээлч Угоровтой манай сургуульд ирж Хөгжим бүжгийн сургуульд орох хүсэлтэй хүүхдүүдээс шалгалт авахад нь би тэнцэж орсон. Гэтэл Чогдов гэдэг багш намайг “Шүд сайтай юм” гээд Гларитын ангидаа авсан. Гэтэл тухайн үед хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуай тус сургуулийн захирлаар ажиллаж байлаа. Тэр Чогдов багшийн гараас чимхээд “Чи гайгүй хүүхэд бүрийг түүж байдаг яадаг золиг вэ” гээд цаашлуулж байсан.

-Гадуур явахад тань хэр олон хүн таньдаг вэ?

-Ховор. Магадгүй би тоглолт эхлэх, өндөрлөх хоёрт л үзэгчид рүүгээ хардаг болохоор тэр байх. Чөлөөт цагаараа энд тэнд биллъярд тоглох, салхинд алхаж байхад ерөөсөө таньдаггүй. Тэгсэн хэрнээ аль нэг тоглолтын төгсгөлд хөтлөгч намайг танилцуулахаар “Өнөө Туулайхүү чинь байсан байна шүү дээ” гэсэн шиг нижгэнэтэл алга ташдаг.  

-Та дээр биллъярд тоглодог гэж хэллээ. Үүнийг таны хобби гэж ойлгож болох байх. Бас нэгэн хобби тань фото зураг авах байх аа?

-Тийм. Их ажилтай ч стрессээ тайлахын тулд оройд нь снукер биллъярд тоглоно оо. Би өөрийгөө биллъярд тоглосон ч мэргэжлээ орхихгүй байна гэж боддог.

-Яагаад?

-Удирдаачийн дохиурыг палкаар хийдэг шүү дээ. Тэгвэл биллъярдын цохиур ч бас палк. Тэгэхээр адилхан байгаа биз дээ (инээв). Гэхдээ би биллъярд тоглох болсон шалтгаан нь шагай харваж байсанд байгаа юм. 18 жил шагай харвасан. Эх орноо гурван удаа тойрсон.

-Зэрэгтэй юу?

-Байхгүй. Нэг удаагийн тоглолтод хашлагын шагайгаа оносноор харвахаа болъё гэж шийдсэн. Одооноос би биллъярдыг мэргэжлийн түвшинд тоглохыг хичээж байгаа. Улам сонирхолтой ч болох юм билээ. Миний очиж тоглодог гурван газар бий. Дотны найз Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар бид хоёр байнга тоглодог.  

-Фото зургийн хувьд?

-Би 1967 оноос хойш фото зураг авсан. Гэхдээ хамгийн гол нь тэдгээр зургаа гоё авах гэхдээ биш өөрийнхөө амьдралд тохиолдсон сонирхолтой баримтыг хальсандаа буулгахыг чухалчилдаг.

-Нэг үйл явдлыг тодруулбал?     

-Сүүлийн үед хүн, байгалийн зураг авахаас илүү нийслэлд маань баригдаж буй барилгын зургийг авах сонирхолтой болсон. Гэтэл 2008 онд МАХН-ын байр шатсан шүү дээ. Тэгэхэд маргаашнаас нь эхлээд л зургийг нь авсан. Эхлээд долоо хоногийн зайтай авч байсан бол дараа нь сарын дараа гэх жишээний. Би үүгээрээ юуг харуулах гэсэн юм бэ гэхээр ямар нэгэн зүйл шүдэнз зурахад л хормын төдийд алга болдог юм байна. Харин бий болгоход олон жил, хэчнээн хүний хүч хөдөлмөр зарцуулагддаг вэ гэдгийг харуулах гэж авсан юм. Тэр бүхнийг харуулахад 200 гаруй кадр болсон.

-Хэчнээн аппараттай вэ?

-Оросын кинонд гардаг тагнуулын аппарат гэж ярьдаг шүдэнзний хайрцаг шиг хэмжээтэй аппаратнаас эхлээд олон бий. Үнийн хувьд дээр үеийн ханшаар 300 төгрөг. Хамгийн сүүлд дээд тал нь 700 мянга орчим байгаа байх. Залуу байхад зураг авна, угаана, шарна. Өөртөө амрах зав өгөхгүй сайхан байлаа. Хамгийн сүүлчийн аппарат маань гар утас минь болж байна.

-Хамгийн сүүлд та ямар зураг авсан бэ. Магадгүй өнөөдөр?

-Ач, зээгийнхээ зургийг л авч байна даа. Намайг бага байхад янз бүрийн аппарат байсангүй. Байсан ч аав, ээж нэг их зураг авдаггүй байлаа. Хүний хамгийн бодит агшин зурган дээр үлддэг. Тиймээс ач зээ нарынхаа зургийг авч том болоход нь үзүүлэхийг зорьж байна.

-Та дохиураа цуглуулдаг уу?

-Цуглуулдаг. Дохиур гэдэг хувцастай адил зүйл. Тиймээс байнга солих шаардлагатай. Би жилд нэгийг хэрэглэдэг. Надад гадаадын нэг найз маань зааны соёогоор хийсэн дохиур бэлэглэсэн. 60-аад мянган долларын үнэтэй гэсэн. Би түүгээрээ төрийн том тоглолтыг удирдахдаа дохидог.

-Танд ямар хэмжээний дохиур барихад тохиромжтой байдаг вэ?

-Би ажил, бэлтгэл хоёрт тус бүр нэг дохиур хэргэлдэг. Бэлтгэл хийхэд жижиг нь амар байдаг. Гэхдээ тухайн удирдаачийн шууны хэмжээ ижил байх хэрэгтэй. Том биетэй удирдаач богино дохиур эсвэл жижиг биетэй нь уртыг баривал тохиромжгүй харагддаг.

-Хувцасны хувьд?

-Фраг гэж хэлдэг. Удирдаачийн хувцсыг эртний дээдсүүд өмсдөг байсан гэдэг юм билээ. Надад хөлс гадагшлуулдаг зөөлөн материалтай фраг бий. Гэхдээ сүүлийн үед удирдаачид цэвэрхэн хар өнгийн срочкон цамц өмсдөг болсон байна билээ. Тэр нь ч цэвэрхэн харагддаг. Ер нь нас тогтсон хүн төрийн тоглолт л биш бол цамцтай дохих нь зүгээр.     

-Олон цагаар зогсоход хөл нэлээд чилнэ биз?

-Тэгэлгүй яах вэ. Гурван цагийн тоглолтыг удирдаад зогсоход хөл бадайрдаг. Дараа нь суух гэхээр нугалардаггүй. Удирдаач болох гэж байгаа хүмүүс бие организм сайн байх хэрэгтэй. Мөн биеийн галбир, нүүр, нүдний хувирлалт сайхантай байх ёстой. Ирэх жил хөгжим бүжгийн дунд сургууль дээд сургууль болох юм гэсэн. Тэгэхээр нь би удирдаачийн анги нээе гэж ярьсан. Бараг бүтэх шинжтэй юм билээ. Жилд 50 гаруй хүүхэд л төгсгөнө. Түүнээс олон хүүхэд төгсгөх хэрэггүй. Мэргэжлээрээ ажиллах нь цөөн байдаг болохоор тэр. Хэрвээ намайг энэ ангийг нээвэл Хятад, ОХУ болон өөрийн улсын ирээдүйтэй хүүхдүүд орно гэсэн.   

-Удирдсаны дараа ядаргаагаа тайлж саунд сууж, витамин хэрэглэдэг үү?

-Надад тэгж ямбалах зан байдаггүй. Гэртээ сайхан халуун цай, хоолоо идэх эсвэл ажлынхаа өрөөнд амрах л хангалттай.  

-Удирдаачдын нүдний хараа сайн байдаг байх аа. Бүдэг гэрэлтэй орчинд олон давхар нотыг зэрэг харж байгаа юм чинь. Тийм үү?

-Сайн байхгүй л бол болохгүй шүү дээ. Ном уншиж байгаа хүн үг бүрчлэн уншдаг бол бид 60 давхар мөртэй нотыг хэдхэн секундын дотор гүйлгэж хардаг. Тэгэхгүй бол хөгжмөө гүйцэхгүй шүү дээ. Нэг том дуурийн нот гурван хуруу хэртэй зузаан дэвтрийн хуудас болдог. Би түүнийг хоёр цаг уншаад л дуусгадаг.  

-Та удирдсан бүтээлүүдээсээ алинд нь илүү хайртай байдаг вэ?

-Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурь. Би тэр үед 32-хон настай байлаа. Тийм залуу байхдаа тэр сайхан бүтээлийг удирдсан болохоор хайрлахаас өөр яах вэ дээ.   

-Дээхнэ би Улсын филармоний дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Даваасүрэнгээс ярилцлага авахад “Манай улсын удирдаачид гарын таван хуруунд л багтаж байна” гэж хэлж байсан. Та үүнтэй санал нийлэх үү?

-1970 онд манай улсын луухгар удирдаачид удирдаачийн анги нээж хэдэн хүүхэд төгсгөсөн. Тэд өнөөдөр сайн ажиллаж байна. Тэднээс хойших үеийг нэрлэх гэхээр олдохгүй байгаа юм.

-Манай улсын төрийн түшээд сонгодог урлагийг хэрхэн харж үзэж байна вэ?

-Муу муу. Уг нь манай улсын сонгодог урлаг маш сайхан хундаамтай юм. Даанч 1990 оноос хойш гаргуунд нь гаргачихсан. Цалин нь ч бага. Багш, эмч нар бослого гаргаад цалингаа нэмүүлж байхад бид наанаа болж байгаа царай гаргаад нэрэлхсэндээ чимээгүй суугаад байдаг. Биднийг чимээгүй суугаад байхаар тэд их дээрэнгүй ханддаг.

-Тэд гэж төрийн түшээдийг хэлж байна уу?

-Тийм. Дээхнэ манай театрыг нураана гэж хүртэл ам ангайж байсан.

-Тэгээд та нарыг хаана байрлуулах гэж тэр вэ?

-Яармаг эсвэл олон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын цаана нэг юм барьж өгнө гэж байсан. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Тэгж ярих юм бол манай театрын байр улсдаа хамгийн том түүх агуулсан байдаг. Жижиг ч театрт биш. Үүн шиг театрыг шинээр байгуулна гэвэл хэдэн ч хүн хэчнээн урт хугацаагаар оюунаа зарцуулсан ч барьж чадахгүй. Бид тэднээс ганцхан зүйл гуйж байгаа. Энэ нь зөвхөн цалин нэмэх.     

-Энэ хүсэлтийг тань бид сайтаараа дамжуулж түшээдэд хэлнэ ээ. Харин одоо хоёулаа таны гэр бүлийн талаар ярилцвал ямар вэ?

-Гэр бүлийн хүнийг маань Х.Дэлгэрмөрөн гэдэг. Тус театртаа нэгдүгээр хийлчээр ажилладаг. Шууд хэлэхэд би эхнэртэйгээ оюутан цагаасаа хойш нар мандахаас, жаргах хүртэл хамт байна. Би 1978 онд хойд хөрш рүү сурахаар очиход эхнэр маань хоёрдугаар курст сурч байсан юм. Бид хоёр хөгжим бүжгийн дунд сургуульд сурч байхдаа л танилууд байсан. Би тэр сургуульд очсоныхоо дараа жилээс эхнэртэйгээ гадаад оюутны дотуур байрны гэр бүлийн өрөөнд хамт амьдарч эхэлсэн.

-Та хоёр охинтой. Том нь тантай хамт ажилладаг байх аа?

-Тийм. Том охин Оргилцэцэг балетместер мэргэжилтэй. Аав, ээж хоёртойгоо хамт ажилладаг гэсэн үг. Бага охин Гэрэлцэцэг Москвагийн хоёр том хөгжмийн сургуулийн нэгэнд нь суралцаж төгссөн. Хүргэн А.Өлзий-Орших ч балетчин. Хамт ажиллаж байна даа.  

-Тэгвэл танай гэр бүлийнхэн бүгд уран бүтээлчид юмаа даа?

-Тийм. Гэртээ очсон ч “Театрт маргааш тийм ажилтай. Тэгнэ ингэнэ. Чи өнөөдрийн тоглолтод гоё хөгжимдөж байсан. Сайн удирдсан” гэнэ. Эсвэл “Тэр хэсэгт нь алдаж байсан шүү” гээд зөвлөлдөнө. Нэг ажилтай болохоор ойлголцоход ч амар.

-Охидынхоо аль нэгийг нь өөр мэргэжилтэй болгоё гэж бодож байв уу?

-Бодсон. Бага охиноо өөр сургуульд оруулсан. Гэтэл бид урлаг яриад, бага охин маань өөр бодолтой болж, биднээс өөрийгөө тусгаарлаад эхэлсэн. Тэгэхээр нь бид буруу юм байна гэж бодоод хөгжмийн ангид оруулсан чинь улсдаа болсон уралдаанд түрүүлээд өөрийнхөө чадвараар ОХУ-ын сургуульд суралцсан юм. Бидэнтэй харьцах нь ч нэмэгдсэн.   

-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Уран бүтээлд тань өндөр амжилт хүсэн ерөөе!

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Туулайхүү: Удирдаач мэргэжлийг эзэмшсэн минь аавынхаа мөрөөдлийг биелүүлэх гэсэнд байж магадгүй  
Үзсэн: 3144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй