
Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч Ө.Рагчаасүрэн дэлхийн шилмэл 111 уран зурагтай ном хэвлүүлжээ. Үүнийгээ тэрбээр номон галерей хэмээн нэрийдсэн байна. Уран зургаар сэтгэлээ баясгая гэж хүмүүс галерейд очдог. Зохиогч өөрөө уран зургийн галерейн байнгын үзэгч тул хүмүүсийг ийшээ их ирээсэй гэж урин дуудаж байна. “Уран зураг” шинэ бүтээлийнх нь талаар зохиогчтой ярилцав.
-Номын нүүрэн дээрх зурганд учир байх шиг харагдлаа ...
-Тийм шүү. Эхний зураг нь орчин үеийн зураачийн бүтээл. Зурган дээр Пикассогийн зурсан 1932 оны Мари бүсгүйн хөрөг харагдана. Сонирхолтой нь түүний гарт “iPhone” гар утас байгаа. Тэр үед ухаалаг утас сураггүй байсан цаг. Тэгэхээр хуучин шинэ хоёр өөр цаг хугацааг нэг дор авч ирсэн сэтгэлгээ зурган дээр илэрч байна. Энэ зурганд би “Алим хазсан бүсгүй” нэрээр эсээ бичсэнийг уншаарай. Хажууд нь Хятадын үндэсний гохуа уран зураг байгаа нь өрнө дорнын уран зургийн өнгө аясыг нэгэн доор үзүүлж байгаа юм.
-Бүсгүй рүү нисэн ирж байгаа хоёр шувуу ямар утга санаа илэрхийлж байна вэ?
Хоёр шувуу нь их зураач Пабло Пикассогийн гайхалтай үгийн санаа. Пикассо “Уран зураг ойлгоё гэвэл шувуудын жиргээг мэдэр” гэсэн. Ямар ч хүний сэтгэл шувууд жиргэхэд сэргэдэг. Тэгэхээр хүмүүс оюунаа баясгахын тулд уран зураг үзэх нь хэчнээн сайхан. Шувуу жиргэж байгаа нь хүмүүсийг галерейд ирж уран зураг үз хэмээн урьж байгаа хэрэг.
-Номон галерей гэсний учир ...
-Дэлхийн үзэгчид уран зургийн галерей их үздэг. Манай нийслэлд олон галерейтэй болж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ тэр бүр ирж үзэх боломжгүй хүмүүсийг дэлхийн шилмэл уран зурагтай танилцхад нь тус болох хүслээр энэ номон галерейг бүтээсэн. Сэтгүүлч миний хувьд уран зураг үзээд төрсөн сэтгэгдлээрээ эсээ нийтлэлийн галерейг цувралаар бүтээсээр ирлээ. Ямарваа уран зураг болгон гол дүр, үйл явдалтай байдаг. Би зурган дээрх тэдгээр баатруудтай уулзаж ярилцаж сурвалжлагаа л хийж яваа нь энэ. Үүнээс гадна уран зургийн галерей гэдэг газрыг жаахан тайлбарласан. Галерей нь хүмүүсийн нүдийг баясган сэтгэлийн таашаал өгдөг гэгээн өргөө. Галерейд орж уран зураг үзэх ямар гоё гэж санана. Их зураач Сальвадор Дали “Сэхээрэлд хүрэх зам галерейгаар дайрдаг. Тэнд уулзацгаая” гэсэн юм. Тиймээс энд хүмүүс их ирээсэй гэж би байнга урьдаг.
-Энэ галерейд ямар зургууд орсон бэ?
-Дэлхийн янз бүрийн орны зураачдын бүтээл 111 уран зураг дэлгэгдсэн. Италийн сэргэн мандлын үеэс эхлээд импрессионист, сюрреалист болон орчин үеийн поп арт, сэтгэгдлийн урсгалын зураачдын зургууд бий. Өөр үзэл санаа, ондоо арга барилаар зурагдсан зургууд. Манай үзэгчдэд төдийлөн танил биш Вьетнам, Ливи, Гүрж, Африкийн зураач бүтээлээ тавьсан. Монголынхоо зураачдын зургуудаас үзэх боломжтой. Эх орныхоо нэрийг хилийн чанадад өргөн таниулж яваа залуу зураачдын бүтээл дийлэнх нь. Галерейд дэлхийн уран зургийн түүхийн үе бүрийн төлөөлөл орсон. Ингэхлээр уран зургийн ертөнцийг бүхэлд нь тоймлон харах боломжтой. Мөн дэлхийн уран зургийн хөгжлийн үе шатууд, тэдгээрийн онцлог, уран зургийн урсгал чиглэлүүдийн талаар ойлголт авна. Парисын Лувр, Санкт Петербургийн Эрмитаж, Нью Иоркийн Метрополитен гээд дэлхийн хамгийн алдартай уран зургийн галерей үзэсгэлэнгүүдийн хаяг ч байгаа. Монголын галерейнүүдийг ч оруулсан.
-“Уран зураг” номыг хаанаас авч болох вэ?
-“Интерном” дэлгүүр, УИД-ийн номын тасагт, Дархан-Уул аймгийн төв шуудан, Олон улсын худалдааны төвд борлуулж байгаа.
-Таны уран бүтээлд улам их амжилт хүсье
-Баярлалаа. Дахиад л Пикассогийн хэлсэн “Надад галерей өг, би дүүргэе” гэсэн үгээр яриагаа өндөрлөе. Дүүрэн зурагтай галерей үүдээ цэлийтэл нээлээ. Орж үзэцгээе.
-Тэгье...
Ө.Рагчаасүрэн: “Алим хазсан бүсгүй” нэрээр эсээ бичсэнийг уншаарай | ||
Үзсэн: 2776 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.