![](/uploads/201402/news/thumb/78875dbb8860326e1259305cfb06df25_x3.jpg)
“Бүх цэргийн их хар сүлд”-ийг цагаалах тайлга өчигдөр буюу Билгийн тооллын шинийн дөрвөний морин цагт Бүх цэргийн их хар сүлдний өргөөнд боллоо. Их Хар сүлд цагаалах тайлгын ёслолд Батлан хамгаалах яамныхан болон Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Цагдаа, Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүний төлөөлөгчид оролцжээ.
Уг хүндэтгэлийн арга хэмжээ нь жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдөр тохиодог уламжлалтай юм. Энэхүү төрийн ёслол нь Төрийн хонжин “Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлга эхэл” хэмээх команд өгснөөр эхэлж, Тайлгын их бага хэнгэрэг, хашхираа их хатан улаан бүрээг эгшиглүүлж, Цэргийн Их Хар Сүлдний хүндэтгэлийн аялгуу тоглож өрнөдөг. Энэ үед Төрийн хонжины “Бүх Цэргийн Их Хар Сүлдний өчил дууд" гэсэн командаар их сүлдэч Бүх Цэргийн Их Хар Сүлдний өчил дуудсаны дараа тайлгад оролцогчид “Хурай Хурай Хурай” хэмээн гурвантаа уухайлдаг. Үүний дараа уг ёслолын хүндэт зочид, ахмад настнууд тахилгын шүүсийг хөндөн дээжийг нь сүү, рашааны хамт Бүх Цэргийн Их Хар сүлдэнд өргөн, хүндэтгэлтэйгээр мөргөнө. Үүний дараа Бүх Цэргийн Их Хар Сүлдний хадгийг дэлгэхэд тайлгад оролцогчид адис авч, Их хар сүлдийг нар зөв тойрон хүндэтгэл үзүүлсэнээр “Бүх Цэргийн Их Хар Сүлд”-ний цагаалах тайлгын ёслол өндөрлөдөг уламжлалтай ажээ.
Бүх цэргийн их хар сүлдийг цагаалах тайлгын ёслол боллоо | ||
Үзсэн: 1750 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.