Туранхай бүсгүйчүүд моодноос гарч, мариалаг атлаа галбирлаг бүсгүйчүүд загварын ертөнцөд хүчээ авч байгааг Европын орнуудад илүү харуулж байна. Тэгвэл Монголд ч энэ байдал дэлгэрч "Plus size" буюу нэмэх хэмжээтэй моделиуд олон болжээ. Тэдний нэг нь М.Чариот юм. Тэрбээр ихэнх бүсгүйн сул талаа гэж боддог "таргалалт"-ыг өөрийн давуу тал болгон ашиглаж байхыг уриалж байна. Ийнхүү түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Өөрийн тань Монголд дэлгэрүүлж буй загварыг “Plus size” модель гэдэг юм билээ. Энэ загварт хэзээнээс сонирхолтой болсон бэ?
-Гурван жил болж байна. Монголынхоо “Plus size” эмэгтэйчүүдийн анхны стилист. Хий хоосон мөрөөдөж суулгүйгээр аз таарч сонирхож эхэлсэн цагаасаа л энэ загвартай амьдралаа холбосон.
-Энэ загвар европод илүү дэлгэрсэн гэдэг юм билээ. Танд чухам юу нь хамгийн ихээр нөлөөлсөн бэ?
-Тийм ээ. Европ “Curvy” моделуудын instagram хуудсанд миний зураг тавигдхад хүмүүс “Азид ийм модель байдаг юм уу” гэж их гайхаж байсан. Тэнд “Plus saize” эрэгтэй модель ч байдаг. Би загварлаг хувцаслах дуртай болохоор энэ төрөл рүү орсон байх ч талтай.
-Таны өөр нэг авьяас хувцас загвар зохион бүтээгч гэсэн үү?
-Тийм. Өөрийн бяцхан брендээ үүсгэн байгуулаад явж байна. Хамтардаг салонтой. Одоогоор эмэгтэй бүх төрлийн хувцасны хаврын загвараа худалдаанд гаргаад байна. Энэ жил илүү их ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Мөн “DS fashion" нэртэй эмэгтэй бэлэн хувцасны брэнд дэлгүүртэйгээс гадна зөвхөн махлаг эмэгтэйчүүдэд зориулсан "Miloo" брэндийн моделиор давхар ажилладаг.
-Өөрийн тань үндсэн мэргэжил юу вэ?
-МУИС-ийн Хятад хэлний ангид сурч байгаа ч түр завсарласан байгаа. Яваандаа гадагшаа явж үргэлжлүүлэн сурахыг боддог.
-“Plus size’ загвар нь нүцгэн биеэн дээрээ зураг зуруулах шаардлагатай юу?
-Модельд биеийн жингээс өөрөөр ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн зүйл байхгүй. Чухам ямар зураг авалт хийж байгаагаас шалтгаалж, тохирсон зургийг зуруулах тохиолдол гардаг. Гэхдээ модель хүний хувьд шивээс их дэмий зүйл. Магадгүй олон сайхан ажлын санал тавигдах үед шивээстэй байвал надаас татгалзаж мэднэ. Учир нь хувцас загвар орчин нөхцөл зохицохгүй байх талтай. Тиймээс би стандарт модель байхыг илүүд үздэг.
-Ихэнхи бүсгүй туранхай байхыг хүсдэг. Харин та биеийнхээ жинд сэтгэл хэр хангалуун байдаг вэ?
-Дүрмийн дагуу таргална. Жиндээ орох гэж их хичээнэ. Гэхдээ гарын булчин, хүзүү, бэлхүүс, хөлийн шилбэ нарийхан байх нь эмэгтэй хүний хамгийн төгс галбир. Тиймээс энэ хэсгүүддээ илүү анхаардаг. Харин бүтэн биеэрээ турах гэж нэг их хичээдэггүй.
-Гэхдээ сүүлийн үед залуучууд махлаг бүсгүйчүүдийг сонирхдог болсон юм шиг байна билээ. Тэр байдал нь танд ажиглагддаг уу?
-Магадгүй л юм. Гэхдээ би нэг их анзаардаггүй шүү дээ.
-Тэгвэл ямар залуу таалагддаг вэ. Найз залуутай юу?
-Найз залуу байхгүй ч болздог хүн бий. Гэхдээ би амьдралынхаа ханьтай учиртлаа залуучуудтай болзоод байхыг хүсдэггүй. Миний гарын цуйванг насан туршдаа амтархан идэх хүнтэйгээ л хамт баймаар байна. Би чинь валентинаар шоколад ч авч үзэх битгий хэл үерхэж үзээгүй. Ингэж хэлэхээр хүмүүс итгэдэггүй юм. Надад халамжтай, цэвэрч, ажилсаг, гоё үнэртэй залуу таалагддаг.
-Нууц биш бол насаа хэлж болох уу. Биеийн харьцаа хэд вэ?
-24-тэй. Өнгөрсөн өвөл жин нэмсэн учир одоогоор жин, харьцаагаа үзэхээс айгаад л байна. Хамгийн сүүлд үзхэд 105х77х105 байсан. Харин жин 70 гаруй кг байгаа байх. Харин зун болохоор жингээ хасчигдаг юм.
-Жингээ яаж хасдаг вэ. Хоолны дэглэм барьдаг уу?
-Фитнессээр хичээллэдэг. Мөн хоолны дэглэм барина. Одоо ч дэглэмтэй байгаа. Нэг үе цагаан хоолтон байсан бол одоо больсон.
-Анх модиалиар ажиллахад ямар санагдсан бэ. Гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бол ...?
-Манай гэрийхэн намайг нэг их тоодоггүй юм аа. Хийх ёстой юмаа хийж байгаа л гэж боддог. Анхны зураг авалтад баярлана, гутарна, сандарна, ичнэ. Гэхдээ нүцгэн зураг авхуулахаас илүү ямар ч хувцасгүй унтах гоё.
-Одоогоор хэдэн брэндтэй хамтарч ажилласан бэ?
-Нэг дотуур хувцасны, хоёр эмэгтэй бэлэн хувцасны брендтэй хамтарсан.
-Хамтран ажиллах санал хэр их ирдэг вэ?
-Мэр сэр ирдэг ч Монгол брендүүд “Curvy” модельтой зураг авалтаас айдаг байх.
-Яагаад ...
-Хийж үзээгүй зүйлээ хийхээс айдаг юм шиг ээ. Шинэ зүйл туршиж, шинэ маркетинг санаагаар ажиллахдаа муу санагддаг. Байдаг л энгийн хэв маягаар явсаар байна. Тэд Монгол бүсгүйчүүдийг Япон, БНХАУ, БНСУ-аас илүү том биетэй, махлаг гэдгийг мэддэггүй юм шиг байгаа юм. Дандаа дундаж нуруутай модельтой хамтардаг. Гэтэл махлаг бүсгүйчүүдэд шаардагдсан зах зээл маш том шүү дээ.
-Ер нь чамд ямар хувцас илүү зохидог вэ?
-Эмэгтэйлэг хувцаснууд л. Үргэлж өндөр өсгийт өмсөхөөс гадна урт даашинз, юбка өмсөх дуртай.
-Биеийнхээ аль хэсэгт илүү сэтгэл хангалуун байдаг вэ?
-Хуруу, хөлийн шагай хэсэг. Урт тэгшхэн хуруутай, шагай хэсгээрээ нарийхан байх нь өндөр өсгийт өмсөхөд их зохидог.
-Хэн нэгэн олны танил залуучууд болзоонд урьж байсан уу?
-Урьж байсан. Ялангуяа, урлагийнхнаас. Тэдний ихэнхи нь гэр бүлтэй. Харин би гэр бүлтэй хүнтэй холбогдохгүй байх дүрэмтэй. Дүрмээ ч сайн баримталдаг. Тэгээд ч надад одоогоор ажил л чухал байгаа болохоор бусдыг бодох сөхөө алга. Гэтэл нэг сайтад намайг цагдаагийн том даргатай явалддаг гээд биччихсэн байна билээ.
-Залуучуудаас фэйсбүүкийн найзын хүсэлт их ирдэг үү?
-Хүсэлт их ирдэг ч танилцах санал тавьдаггүй. Яг үнэндээ өдөрт 10 хүн чат бичлээ гэхэд найм нь эмэгтэйчүүдээс байдаг.
-Эмэгтэйчүүд ямар зорилгоор чат бичдэг гэж ...
-Хувцаслалтын талаар ихэвчлэн асуудаг. Шинэ жил дөхөх үед ямар даашинз өмсвөл дээр вэ, яаж галбиржих вэ гэх мэт. Тэд өөрсдийнхөө жин, өндрийг хэлвэл тохирсон хариултыг нь өгдөг.
-Түрүүнээс хойш бодоод сууж байлаа л даа. Чариот гэдэг ямар утгатай үг вэ. Чи өөрөө сонгосон юм уу?
-Тийм. Хар цагаан хэл амнаас хамгаалдаг чулууны нэр л дээ. Надад энэ чулуун зүүлт ч бий. Харин жинхэнэ нэрээ нууцалья.
-Танай аав, ээж ямар мэргэжилтэй хүмүүс вэ?
-Аав барилгын инженер, ээж эмч мэргэжилтэй. Би чинь ихэр шдээ. Миний ихэр эрэгтэй. Мөн нэг ах, дүүтэй.
-Нууц биш бол нэг зураг авалтад хэдэн төгрөгийн ханштайгаар оролцдог вэ?
-Амьдралдаа хүрэлцэхүйц хэмжээний өртөг авдаг.
-Энэ мэргэжлээрээ хэдэн жил ажиллах бодолтой байгаа вэ. Олон улсад хэдэн нас хүртлээ ажилласан хүн байдаг бол ...
-Ер нь хувь хүнээсээ л шалтгаална даа. Биеийнхээ галбирыг сайхан хадгалж чадвал байгаад л байна.
М.Чариот: Гарын булчин, хүзүү, бэлхүүс, хөлийн шилбэ нарийхан байх нь эмэгтэй хүний хамгийн төгс галбир | ||
Үзсэн: 16266 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.